Categories
мэдээ цаг-үе

Түвд Монголын Шашин Соёлын Төвийн 40 жилийн ой, Ажаа гэгээний насан баяр

Есдүгээр сарын эхний долоо хоногт АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Түвд Монголын Шашин Соёлын Төв (ТМШСТ) 40 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Мөн жил бүр Америк дахь монголчуудын тэмдэглэдэг нэгэн баяр болох Ажаа гэгээний насан баярыг хамтад нь тэмдэглэж байгаа юм.

ТМШСТ ойгоо зүгээр нэг өдрийн наадам биш эрдэм оюун, шашин ном, урлаг соёлын цогц арга хэмжээ болгон зохион байгуулж байна. Тухайлбал, Бурхны шашин судлаач, нэрт профессор Роберт Турман тэргүүтэй эрдэмтдийн лекц, элсэн мандал бүтээх, хийморийн дарцаг хийсгэх, жинсрэг цутгах гэх мэт шашны үйл ажиллагаа, Монгол урлагийн тоглолт, лам нарын үзүүлбэр зэрэг олон үйл ажиллагаа долоо хоногийн турш үргэлжлэв.

Өдгөө Жамцэ лин хийд, Соёлын төвийн байшин, хоёр том суварга, гэр хэлбэрийн зуслангийн байшин, хүрд, засмал зам бүхий энэ сайхан төв 40 жилийн өмнө гэхэд хүн суудаггүй, эзгүй ойн цоорхой байсан гэдэг. 1965 онд Дээрхийн гэгээнтэн Далай ламын ах Түвд Норов рэнбүчи Индианагийн их сургуульд түвд хэл, уран зохиол заахаар ирснээс хойш шинэ түүх эхэлжээ. Монголчуудын Дагцэр рэнбүчи хэмээдэг Түвдэн Норов багш бол эрдэм номтой рэнбүчигээс гадна монгол хэлэнд ус цас хүн байсан юм. Учир нь хар багаас нь ном заасан лам багш нь Дээд Монгол хүн байжээ. Яг л Ажаа рэнбүчи шиг хүн гэсэн үг. Тийм учраас Норов гуай түвд, монгол хэлтэй аж. Хар Дорж багш үүнийг бичээчид нэг бяцхан түүх ярьж өгсөн юм. 1990-ээд оны эхээр хоёр улсын харилцаа хэвийн болоход Индианагийн их сургуульд хамгийн анх ирсэн түүхч эрдэмтэн Норов багштай уулзаж л дээ. Тэгээд Хар Дорж багшид ихэд бишрэнгүйгээр “Энэ Дагцэр рэнбүчи гэдэг чинь монгол хэлээр уран тоть шиг ярьдаг хүн байна даа” гэсэн гэдэг. Харамсалтай нь би Дагцэр рэнбүчитэй золгож чадсанаас ярьж хөөрч, ярилцлага авч даанч чадаагүй. Учир нь намайг 2002 онд Индианагийн их сургуульд ирэхэд цус харвачихсан, ерөөс хэдхэн үгнээс цааш ярьж чадахаа больчихсон байсан юм. Монгол хүн ирлээ гэж сонсоод нүд нь сэргэн, миний хоёр хүүгийн толгойг илээд “Хөөрхий хөөрхий” хэмээн монголоор эвийлж суусан сан.

Түвдэн Норов гуай Индианагийн их сургуульд ирүүтээ л оюутан залуус, дэмжин туслагч, шүтэн бишрэгчдээр өөрийгөө хүрээлүүлж чаджээ. Тэрбээр Америкийн олон нийтэд Түвдийн тухай, хэрхэн эзлэгдсэн тухай, тэнд юу болж буй тухай таниулан ярьж байлаа. 1970-аад оны үед Норов гуайн дотно нөхөд нэгэн гэр бүлийнхэн энэхүү газрыг худалдан авч, Норов гуайд бэлэглээд Түвдийн шашин соёл, хэл уран зохиолыг түгээ хэмээсэн аж. Норов гуай Индианагийн их сургуулийн хэдэн оюутныхаа хамт сүх бариад л тэр ой руу орсон гэдэг. Халуун нар, хүйтэн өвөл ажрахгүй ажилласаар ой дотор томоохон чөлөө гаргаж, өөрийн гараар Төвийн байшин, эхний суваргаа босгоод авч. Ингээд 1978 онд албан ёсоор Түвдийн Соёлын төвөө нээжээ.

2002 онд Норов гуай хэвтэрт орсноор Төвийн үйл ажиллагаа эрс муудсан юм. Энэ хүнд үед Далай лам Ажаа рэнбүчиг Төвийн ерөнхийлөгчөөр ажиллана уу хэмээн хүссэн ажээ. Ажаа гэгээн 2006 онд энд ирснээр хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн нь ялангуяа монголчууд бидэнд, Монгол Улсад тун завшаантай явдал болсон билээ. Ажаа гэгээн монгол хүн учраас юуны түрүүнд Монгол гэсэн үгийг нэмж, Түвдийн Соёлын Төв гэж байсныг Түвд Монголын Шашин Соёлын Төв болгосон юм. Тэр цагаас хойш энд ирэх монголчуудын тоо түвд нараас хавьгүй олон болж, манай монгол хэл соёлын зуслангаас өгсүүлээд монгол арга хэмжээ тасрахгүй байна. Мөн Дагцэр рэнбүчи, Ажаа гэгээн хоёулаа нэгэн цагт Гүмбум хийдийн хамба лам байсны тул төв дэх Жамцэ лин хийдийн нэрийг өөрчилж, Гүмбум Жамцэ лин болгосон, өөрөөр хэлбэл Баруун дахь Гүмбум хийд гэсэн үг болж байгаа юм.

40 жилийн ойн үйл ажиллагааг нээхдээ Ажаа гэгээн энэ бүх түүхийг товч өгүүлээд нэгэн сонирхолтой зүйлийг нэмэв. Тэрбээр:

“Төв дотроо би алхаж явахдаа өдөр бүр амьтантай таарна. Хэрэмнүүд модон дээгүүр огт айсан шинжгүй харайлдана. Буга согоо эхэндээ зугтах аядсанаа эргэж хараад тайван идээшилнэ. Туулай зүлэг дундуур чих нь дэлдэгнэн сэргэлэн нь аргагүй давхина. Хогийн саван дээр маань элбэнх тухлаад суучихсан зоог барьж байх. Эхлээд би энэ амьтад биднээс айхгүй, газар дээр маань сайхан амьдарч байна даа гэж бодсоноо, ахиад жаахан эргэцүүлтэл огт эсрэгээр болохыг ойлгож билээ. Үгүй шүү дээ, хэдэн зууны туршид нутаглаж ирсэн газар нь энэ. Харин хүмүүн бид энд гаднаас ирсэн зочид билээ. Хөөж туух биш харин ч тэдэнд талархан, айлгаж үргээлгүй хамтдаа орших ёстой юм. Хүмүүний хүч чадал гэдэг гол юм биш ээ. Харин тэгш эрх, энэрэх сэтгэл, нигүүлсэл, эе эв гэдэг хамгийн чухал”.

Ажаа гэгээний энэ үгийн дараа тэртээ ОХУ-ын Халимаг, Тайвань, Япон, Энэтхэг, Их Британи улсаас ирсэн зочид үг хэлж баяр хүргэв. Индианагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч мөн халуун дулаан үг, дурсамжаар бэлэг барилаа. Үргэлжлээд урлагийн тоглолт, йог гээд олон арга хэмжээ болов. Америк дахь монголчууд төдийгүй дэлхий даяарх монголчуудын ирэх дуртай болсон ариун дагшин энэ газрын 40 жилийн ой есдүгээр сарын эхний энэ өдрүүдэд ийнхүү үргэлжилсээр, монголчуудын хөл хөдөлгөөн тасрахгүй хэвээр байна.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *