Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны 4 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ.
Мөн энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна.
Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв.
Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч нарын нэг. Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнажээ.