Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Туулай жилд ард түмний амьдрал дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье DNN.mn

Өнөөдөр битүүний өдөр. Маргааш “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн. 1987 оны гал туулай жилд одоогийн бид бүхний амьдарч буй XVII жаран эхэлсэн гэдэг. Тэгвэл Монголын ард түмэн Арван долдугаар жарны туулай жилтэйгээ учран золгож байна. Туулай жилд зуд турхан болж байсан тохиолдол ховор болохыг Чой хамба хэлсэн. Монголчууд туулайг уян зөөлөн, сэргэлэн цовоо амьтан хэмээн бэлгэддэг. Гарч буй туулай жилд цаг агаар тогтуун, хур бороо элбэгтэй сайхан жил болох тухай ярилцаж байна. Амны бэлгээс ашдын бэлгэ. Сайхан жил гарч байна.

Улиран одогч сайжруулагч хэмээх усан бар жилд Монгол оронд олон үйл явдал тохиолоо. Хамгийн гол нь улс орноо тонон мөлжсөн, тэрбум тэрбумаар нь бус их наядаар нь идсэн төрийн хулгайчидтай тэмцсэн он жил боллоо. Ард түмэн, нийт иргэд шударга ёсыг жинхэнэ утгаар нь тогтоохыг хүсч, нүүрсний хулгайчдыг олон нийтэд ил тод зарлахыг шаардан бүтэн сар гаруйн хугацаанд жагсаж тэмцсэн. Уг жагсаал албан ёсоор өнөөг хүртэл тараагүй байгаа. Жагсаалын үр дүн алхам алхмаар гарч байна гэхэд болно.

Учир нь нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдэн өргөдлөө өгөөд байна. Эдгээр төрийн түшээд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж “нүүрсний” гэх хэрэгт шалгагдаж буй учир хууль шүүхийн байгууллагаар буруу зөв, үнэн мөнөө эцэслэн тогтоолгох үүднээс ийм шийдвэр гаргаснаа олон нийтэд тайлбарлаад байгаа юм.

Ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг ард түмэн талархан хүлээн авч байгаа. Нүүрсний хулгайн асуудлыг Ерөнхий сайд өөрөө шүгэл үлээж эхлүүлсэн. Тэрбээр энэ тухайгаа “Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болсон тул Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах

хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10 жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна” гэдгээ хэд хоногийн өмнө хууль шүүхийнхэнтэй уулзахдаа хэлсэн.

“Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох боломжгүй” гэдэг төрд нүүрлэсэн хулгайг байхгүй болгох, үндсэндээ улс орноо тонон дээрэмддэг асуудлыг зогсоох тун чухал хууль. Үүнийг маш ойлгомжтойгоор тайлбарлах юм бол УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж буй төрийн өндөр дээд эрх мэдэлтнүүдийг албан тушаалаа хашиж буй хугацаанд тэдний хамаарал бүхий этгээдүүд нь төрийн захиргааны болон төрийн өмчийн компанид шийдвэр гаргадаг түвшинд буюу удирдахалбан тушаал хашихгүй байх, мөн УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайдаар ажиллаж байгаа этгээдүүдийн өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшлийн компани нь төртэй тендерийн болон худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохгүй болохыг хатуу хориглосон ийм хууль.

Яг энэ хуультай утга агуулгын хувьд таатай бас нэг хуулийг энэ оны эхээр УИХ хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн юм. Тэр нь Ховдын Ш.Адьшаа гишүүний санаачилсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”. Төрийн сан болгоныг хоосолдог компаниуд дандаа улстөрчдийн ах дүү, хамаарал бүхий хүмүүсийнх байдаг нь баримтаар нотлогдож ирсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ, Хөдөө аж ахуйг дэмжих сан зэрэг

урт хугацаатай бага хүүтэй мөнгө дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдийн гараар ордог. Энэ байдлыг таслан зогсоох хууль гээд ойлгочиход болно. Энэхүү хоёр гол хууль болоод бусад хууль тогтоомжууд хэрэгжээд эхэлбэл эрх мэдэл, албан тушаал, нэр төрөө ашиглан төрөөс хулгай хийдэг, ямар л нүх сүв байна тэр бүгдээрээ дамжуулж төрийн санг хоосолдог, тонон дээрэмддэг байдал таслан зогсох учиртай юм.

Өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлээр “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэc Тавантолгой” компани 2011 оноос борлуулалтаа эхлээд 12 жилийн хугацаанд ам нөхцөлөөр нүүрсээ зарж ирсэн. Ам нөхцөл гэдэг нь худалдан авагч уурхай дээрээс ирж нүүрсээ ачаад явна гэсэн үг. Тэгэхээр худалдан авагч тээврээ хариуцна. Ингэж нүүрсээ хямдаар зарж байсан. Би нэг тооцоо хийлгэхэд манай улс 2011 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хил нөхцөлөөр нүүрсээ зарсан бол 4 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж байжээ. Бид энэ боломжийг алдсан” гэдгийг хэлсэн.

Дөрвөн тэрбум ам.доллар гэхээр ямар хэмжээний мөнгө болох билээ. “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш зөвхөн хоёр сарын хугацаандл 416.6 сая ам.доллар улсад төлж, мөн 180-аад сая ам.долларын өр барагдуулсан, үндсэндээ 590 сая ам.долларын валютын арилжаа хийсэн байдаг. Хэрвээ онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилоогүй бол энэ мөнгө цөөн хэдхэн хүний гараар ороод, нүүрсний хулгайн асуудал хэвээр үлдэх байсан нь мэдээж. Мөн дээрээс нь Хөгжлийн банкны эргэн төлөлт 1 их наяд 80 тэрбумыг даваад явж байгаа. Ингэж Монгол Улс төрд нүүрлэсэн хулгайтайгаа тэмцэж байна. Ерөнхий сайд асан С.Баярын “Дан ганц Засгийн газар тэмцээд барахгүй. Энэ тэмцэлд хууль шүүхийн байгууллага “муур хулгана” болж тоглолгүй жинхэнээсээ оролцох ёстой. Мөн нийгмийн өргөн дэмжлэг, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй, тэгж гэмээнэ энэ тэмцэл амжилтад хүрнэ” гэдгийг нэмээд хэлчихэд илүүдэхгүй байх.

Ийнхүү улиран одож буй бар жилд Монголын засаг төр шударга ёсны тэмцлийг явууллаа. Гарч буй туулай жилдээ уг тэмцлээ улам үр дүнтэй үргэлжлүүлж, хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэгтэй хийх тэмцлээ зогсоолгүй явж, хамгийн гол нь улс орноо тоносон нөхдөд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгаж, ёс зүйг эрхэмлэж, хулгай хийдэг байдлыг зогсоох хуулиа батлан, хатуу мөрдөн хэрэгтэй. Тэгж гэмээнэ Монголд шударга ёс тогтож, эдийн засгийн эргэлтийн хурд сайжирч, бүтээн байгуулалт өрнөж, ажлын байр бий болж ард иргэдийн ахуй амьдрал дэвжин дээшлэх болно. Маш товчхондоо цөөн хэдэн хүн баяжиж улсын санг хоослох биш дундаж давхарга бий болж, иргэдийн аяган дахь “боорцог”-ны тоо олон болно. Ийм л нигууртай усан туулай жилтэй бид золгож байна. Ингээд элэг нэгт Монгол түмэндээ сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөлийг дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *