УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар өчигдөр (2022.02.14) ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай танилцав.
Энэ үеэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн цогцолбор газрын хамгаалалтын менежмент, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар мэдээлэл хийхдээ тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүссэн асуудал болон орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрсэн талаар онцлов.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл зэрэг тусгай хамгаалалтад авсан газар нутагтаа зөндөө газар олгосон. Энэ газруудад газрын харилцаа үүсэж, зориулалтаас өөрөөр ашиглах, байгалийн унаган төрхийг алдагдуулах зэргээр бий болсон замбараагүй байдлыг тусгай хамгаалалттай бусад газар нутгуудад давтахгүй байх ёстой.
Бүх алдаа завхралыг ажлын хэсэг засах боломжгүй. Эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж таарах байх. Цаашид дахин ашиглах гэрчилгээ өгөхгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж, гэрээ байгуулсан хэрнээ гэрээнд зааснаас өөрөөр газраа ашигласан тохиолдолд эрхийг цуцлах зэрэг норм, стандартыг тогтоож өгөх нь зүйтэй юм.
Одоо газрын харилцаа үүсчихээгүй байгаа эрүүл газруудаа хамгаалалтын бүс рүү нь оруулж хамгаалагдах газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.
Ажлын хэсэг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газар нутагт орон нутгийн шийдвэрээр 2,800 орчим айлд өмчлөлөөр газар олгосон асуудлын дагуу газар дээр нь очиж үзэж танилцлаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар олгогдох ёстой байтал орон нутгийн шийдвэрээр газар олгосон нь маргаан үүсгэж, эцэстээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд хандаад буй юм байна.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн эхэнд буюу Туул голын эхэнд суурьшлын бүс бий болгож, нохой чарга ажиллуулдаг компаниудад зөвшөөрөл олгосноор Улаанбаатар хотын ард иргэдийн ундны ус бохирдох зэрэг ноцтой асуудал үүссэн. Үүнийг төр засгийн хэмжээнд авч үзэж, шийдвэрлэхгүй бол болохгүй боллоо” гэв.
Ажлын хэсэг Баянзүрхийн товчоо, Богдхан уулын Хүрхрээгийн ам зэрэг тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, Дүүргээс газар олгож, суурьшлын бүс үүсгэсэн нь маргаан дагуулан олон жил болж буй асуудлыг газар дээр нь очиж үзэж харах үеэрээ холбогдох байгууллагуудаас нөхцөл байдлын талаар мэдээллийг авлаа.