Categories
мэдээ улс-төр

Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийг А.Сүхбат ахлана

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.25/ хуралдаан 15 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох хүсэлт тус тус гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа хийхээс гадна тухайн асуудлын хүрээнд газар дээр нь ажиллах асуудлыг төлөвлөгөөнд оруулах саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар гаргасан юм. Ийнхүү УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Өргөдлийн байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө 90.9 хувийн саналаар батлагдав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн батлах тухай тус байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул тус Байнгын хорооны Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарь гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Бусад асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулах тухай байсан ба Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өчигдөр /2016.10.24/ зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн болохыг танилцуулсан юм. Тэрээр тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томилох горимын санал гаргав. УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Туул голын бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэйг дурдаж байсан юм.

Ингээд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулахыг олонхийн саналаар батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *