Categories
мэдээ цаг-үе

Түүхийн нэрт эрдэмтэн Д.Хүүхэнбаатарын охин Билгүүн: Хөдөөгийн Пэрлээ гэж урт цагаан сахалтай хөгшин манайхаар ирнэ. Аавын минь алга хавсран залбирдаг ачит багш нь юм

Монгол Улсын Их сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан нэрт эрдэмтэн доктор, профессор Дашдаваагийн Хүүхэнбаатарын 80 насны ой өнөө жил тохиож байна. Тэрээр эдүгээ цагийн түүхийн шинжлэх ухааны оргилууд болох академич Жигжидийн Болдбаатар тэргүүтэй судлаачдын ачит багш юм. Эрдэм оюуны уурхай их сургуулийн тулах багана нь байсан эрдэмтэн профессорын охин Х.Билгүүнийг “Миний аав” булангийн зочноор урьж ярилцлаа.

-Тэр жил Долгорын Нямаа найрагчтай Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл Хөнжлийн уулсаар явахдаа аавын тань тухай олонтаа сонсч, бахдаж байв. Дэлийн хадны бичээс, булш бунхныг дэлхийн судлагдахуун болгосон хүн нь танай аав юм билээ. Удам гарлынх нь тухай ярихгүй юу?

-Миний аавын амьдралын том зорилго Дэл Хөнжлийнхөө уулсыг дэлхийн шинжлэх ухааны судлагдахуун болохыг харах байсан. Түүнийхээ үр шимийг үзэх гэж хичнээн олон жилийнхээ амь амьдрал, хөдөлмөр зүтгэлийг зарцуулсан гэж санана. Зуны амралтаар оюутнуудаа нутагтаа дагуулж очин хадны зураг илрүүлэх хайгуул явуулж, цөөн тооны булш, чулуун байгууламжид археологийн малтлага хийлгэнэ. Элгэн ханан хад бүхэн дээр нь дэлхийн түүх бичээстэй байдаг Дэл уул, ус нутагтайгаа аав минь амин холбоотой байв. Ах бид хоёрыг жил бүр нутагтаа дагуулж очно. Эх орноо хайрлах хайр, элгэн халуун сэтгэлийг бага балчраас минь суулгасан. Намайг дөнгөж төрөөд 45 хонож байхад аав ээж хоёр хөдөө очоод, ээжийн хөх сүүгүй болчихсон ямааны сүүгээр угжиж байсан гэдэг. Удам гарлын тухайд гэвэл аав нь Дашдаваа гэж банкны дарга байсан хүн. “Хэлтэс Дашдаваа” гэхээр Өлзийтийнхөн төдийгүй Дундговийнхон сайн мэддэг юм билээ. Ээж Сугар нь нутаг усандаа нэртэй “Хүүхнүүдийнхэн”-ий удмын хүн байсан. Бид “Амаа” гэж авгайлдаг байлаа. Аав ээж хоёр минь тавин найман онд танилцаж жаран онд гэр бүл болсон.

-Ижий аавын тань танилцсан түүхээс сонирхох гэсэн юм. Хүүхэнбаатар гуай их сургууль төгсөөд шууд багшаар үлдсэн байдаг. Сургуульдаа хагас зуун жил багшилж, Монголын түүхийн шинжлэх ухааны тулах багана нь байсныг хэн хүнгүй дурсдаг даа?

-Аав ээж хоёрын танилцсан түүх маш сонин. Нэг л гоё хайрын романс адил санагдах нь бий. Ээж анагаахын сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа Сэлэнгийн Сүхбаатар хотод хөдөө гэртээ амарч байж. Өөрөө бол Дарханы хүн юм. Яг тэр үед нь Их сургуулийн оюутнуудын концерт болжээ. Түүнийг сонирхохоор найз дээрээ очжээ. Найз нь аж үйлдвэрийн сайд байсан Паавангийн Дамдин гуайн гэргий. Хотын сэхээтний гоё охин байхгүй юу. Тэгтэл өнөө найз нь аавтай хамт сууж байсан гэдэг. “Яасан сайхан залуу вэ, хотын гоё охин чинь ийм залуутай найз байлгүй ч яахав” гэж бодсон тухайгаа ээж хэлдэг. Ингэж аавыг анх харснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэг удаа байрных нь охин “эмнэлэгт хүн эргэх гэсэн юм хамт очих уу” гэж хань татан очтол мөн л аавтай таарчээ. Хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэн, академич Домийн Төмөртогоо гуай аав хоёр дотно найзууд. Ээжийг хань татаж очсон байрных нь охин Төмөртогоо гуайн найз байжээ. Ийм санамсаргүй хоёр ч тохиолдлоор аав ээж минь уулзаж танилцсан түүхтэй юм билээ. “Би онц сурдаг л хүнтэй сууна гэж бодож байсан. Манай хөгшин чинь онц сурдаг, тэгээд зогсохгүй Их сургуульдаа багшаар үлдсэн нь миний сэтгэлийг улам их татсан” гэж ээж нөхөрсгөөр хэлдэг юм. Аав минь үнэхээр л Монгол Улсын их сургуулийн шилдэг оюутан нь байж, дараа нь түүхийн тэнхимийн багш болж, тавь гаруй жил сургуульдаа тасралтгүй багшилсан гавьяатан. Эвлэлийн төв хорооны хэлтсийн дарга бол гэхэд “үгүй, надад дарга даамлын ажил зохихгүй” гэж хэлээд очоогүй байдаг. Их сургуулиасаа холдох дургүй хүн байсан. “Сургуулийнхаа өгсөн байрнаас нүүхгүй” гэнэ. Ямар сайндаа ээж бид шинэ байранд оръё гэж тохирон байр саваа олчихоод нүүхээр ачаалж байтал аав “Би явахгүй” гэж хэлээд больж байсан удаатай.

-Аавыг тань зүс царай сайхан хүн байсан гэдэг. Их сургуулийн үе үеийн оюутнууд ширүүн төрхтэй ч элгэмсэг, зөөлөн багш байсан гэж дурсдаг. Охиных нь хувьд юу хэлэхсэн бол?

-Би энэ хүний үр хүүхэд гэдгээрээ маш их бахархдаг. Нүдээ нээгээд сэрэх бүртээ надад тийм гоё бахархал төрдөг юм. Олон ч хүний дурсамж дурдатгалд бий дээ. Манай аав үнэхээр гоё хүн байсан. Хэн ч харсан сүрдмээр, долгионтой буржгар хар үстэй, ширүүндүү харцтай, ширвээ хар сахалтай, монхор хамартай. Хичнээн царайлаг гэж бодно. Ямар ч эмэгтэй хүн харахгүй өнгөрч чадахгүй. Дээрээс нь тэр хүний ухаан гэдэг гайхамшиг. Говийн хүний уужуу тайван, цөлх сайхан чанар ноён нуруу нэвт шингэжээ гэж боддог юм. Илүү дутуу зангүй. Амьдралдаа хүн муу хэлж байхыг нь сонсоогүй. Шулуухан яриатай, сэтгэлд нь нийцээгүй зүйлээ цүл пал хийтэл тухайн хүний нүүрэн дээр нь хэлчихдэг, ийм л хүн байлаа. Намайг загнах нь бүү хэл муухай ч харж үзээгүй дээ, аав минь. Ээж бол ах бид хоёрыг үглэнэ, зэмлэнэ. Аав өмөөрнө. Боловсролтой, соёлтой эрдэмтэн хүний дүр байдал тэр чигээрээ аавд минь байж дээ гэж санадаг. Хүүхдүүдэд их хайртай, ах бид хоёрыг ихэд дээдэлнэ.

Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, эрэгтэй хүн гэхэд хэтэрхий соёлтой байжээ. Үр хүүхдээ бараг л үнсэж үлгээд байхгүй. Зүгээр л үнэрлэнэ. Хүмүүс үнсэхээр та нар яасан муухай юм. Хүүхдийг заваан шүлсэдлээ гэж дургүйлхэнэ. Өнөөдөр шинжлэх ухаан яг аавын зарчмыг барьж байна. Эмч нар нялх балчир хүүхдээ битгий үнс, янз бүрийн халдварт өвчин, ханиад шүлсээр дамждаг хэмээн захиж амьдралын мөрдлөг болгохыг шаардаж байна. Тэгэхэд тэртээ далаад оны эхээс л аав ийм зарчмыг баримталсан. Өөрийн эрхгүй нас тогтоод ухаан суугаад ирэхээр амьдралын ийм нэг зарчим нь хүртэл маш том ухаан байжээ гэж бодогддог. Байж байгаа нь л хайр хүрэм гоё. Маш сайхан хувцаслана. Царай зүс ухаан бүх зүйл цогцоороо тэгш, дахин давтагдахгүй ертөнц байжээ.

-Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийнх нь тухай, мөн Монголын түүхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийнх нь тухай асуумаар байна. 80 жилийнх нь ойн эрдэм шинжилгээний хуралд академич Ж.Болдбаатар “Ангийн багшаа дурсахуй”, академич Д.Төмөртогоо “Багын андаа дурсахуй”, доктор Ю.Болдбаатар “Дэл уулын судалгаа ба профессор Д.Хүүхэнбаатар” гээд энэ цагийн нэртэй эрдэмтэд бүгд дурсамж, илтгэл тавих юм билээ?

-Аав хойно аспирантурт сурч байхдаа доктор болсон. Хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөний тухай бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Мөн Эрдэнэ зуу хийдийн түүхийн бичээсийг аав ном болгож гаргасан. Жин дарах том бүтээл гэж эрдэмтэд үнэлдэг. Багын анд Д.Төмөртогоо академичтэй хамтраад “Монголын соёл” гэж ном гаргасан. Мөн “Монгол гүрний элчин харилцаа” хэмээх гадаад харилцааны түүхэн судлагдахууны тухай ном бүтээсэн. Үндсэндээ Монгол Улс гадаад улстай хэрхэн яаж элчин харилцаатай болсон түүхэн бүх баримтыг судалж бичсэн үнэлж баршгүй бүтээл. Энэхүү гурван ном нь манай гэр бүлийн, үе удмын маань хамгийн үнэт өв хөрөнгө байх болно. Түүхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, академич Жигжидийн Болдбаатар гуай аавын минь шавь. Хичээл орж байсан хүүхдүүдийнх нь нэг гэдэг. Болдбаатар гуайг аав өөрөө багш болгож дараа нь Их сургуулийн тэнхимийн эрхлэгчээ өвлүүлж үлдээж байсан түүхтэй. Тиймийн учир Болдбаатар академич “Ангийн багш минь” хэмээн ихэд хүндэтгэдэг юм. Ер нь өнөө цагийн түүхийн бүхий л эрдэмтэн судлаачид аавын минь шавь нар. Өөрийнх нь шүтэн биширч дээдэлж явдаг Монгол Улсын их сургуулийнх нь түүхийн тэнхимийн эрхлэгч доктор П.Дэлгэржаргал, мөн ШУТИС-ийн багш доктор Ю.Болдбаатар нар бараг л манай гэр бүлийн гишүүд шиг явсан хүмүүс. Аав минь шавь нартаа үнэхээр хайртай байсан. Гадагшаа явах урилга ирнэ, тэр бүгдэд шавь нараа явуулна. “Залуучууд яваг. Энэ хэд маань юм үзэж, нүд тайлаг ” гээд өөрөө хойш суудаг байсан. Харин сүүлд жар гарсан хойноо Тайваньд болсон монголч эрдэмтдийн их хуралд явж ирээд сэтгэл их өөдрөг байж билээ. Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Монголын үндэсний түүхийн захирал доктор Д.Сүхбаатар гээд бүгд аавын минь шавь нар.

-Танайхаар тухайн үеийн оюун санааны бүхий л аваргууд орж гарч явсан нь мэдээж. Аав тань үнэхээр олонтой явсан нь хэн бүхний амнаас дуулддаг юм?

-Утга зохиол, соёл түүхийн домог мэт яригддаг нэртэй хүмүүс манай гэрийн босгыг элээсэн. Оюун ухааны охь ундарга, Монголын сор болсон эрдэмтдийн дунд өссөндөө бахархдаг. Хөдөөгийн Пэрлээ гэж урт цагаан сахалтай хөгшин ирдэг байсныг би бүүр түүрхэн мэднэ. Аавын минь алга хавсран залбирдаг ачит багш нарынх нь нэг. Төрийн хошой шагналт Шагдаржавын Нацагдорж, түүхийн аварга хүмүүн Гүнжийн Сүхбаатар нараар хичээл заалгаж явсан. Миний бие дунд сургуулийн сурагч байхдаа хичээл тараад гэртээ ирэхэд хэн хэн угтдаг байсан гэж санана. Төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав, Бэгзийн Явуухулан, мөн хөгжмийн зохиолч төрийн хошой шагналт Лувсанжамбын Мөрдорж гээд л эгнэнэ шүү дээ. Бүгд ирээд аавтай шатар нүүгээд, нэг шил юм тавьчихаад сууж байна. Сүүлд Дагвын Лувсаншарав гуай ирдэг байсан. Түүхийн хоёр Бат-Очир гэж мундаг хүмүүс байна. Мөн философийн доктор академич Норовсамбуу гуай байна. Их сургуулийн Нооёо гэж алдаршсан домог болсон багш нарын нэгэн. Энэ аваргуудыг чинь орой гэрт нь хүргэх, унаанд суулгах хариуцлагатай алба ээж бид хоёрт оногдоно доо. Гайтав гуай бол манайд олон хоносон доо. “Би Хүүхэнбаатарындаа хононо” гээд л хэвтээд өгдөг сөн.

-Ерөнхий сайд Ж.Наранцацралтын “нууц ноёнтон” нь танай аавыг гэж сонссон юм байна?

-Наранцацралт ахын ээж Орго аавын маань том эгч юм. Нааяа ахын (Наранцацралт агсныг хэлж байна) нэрийг аав өгсөн гэдэг. Наранцацралт ах, Бичээчийн Батмөнх ах бүгд л манайд амьдарч ээжийн гарын хоолыг идэж, сургууль соёлын мөр хөөж, гэр бараа болсон хүмүүс. Наранцацралт ах хойшоо сургуульд явахдаа манайхаас л явсан, мөн гаднаас манайд л ирнэ. Бүх зүйлээ ааваас асууна. Ёстой л нөгөө аавын “гарынх нь бүтээгдэхүүн” гэдэг чинь мөн.

Аав минь нэр төр албан тушаалд дургүй, сонин хүн байв. Ямар сайндаа гавьяа шагналгүй, гавьяат багш цол байтугай Хөдөлмөрийн гавьяаны одон ч үгүй өнгөрсөн. Тийм хүн чинь үр хүүхдэдээ, дотны хүмүүстээ түүнийгээ л үлгэрлэнэ. Наранцацралт ах хотын дарга байхдаа аав дээр ирнэ. “Нууц ноёнтон” гэдэг нь үнэн л дээ. “Намайг Ерөнхий сайдад дэвшүүлээд байна яах уу, ахаа” гэж асууж байсан. Тэгэхэд аав “Яах гэсэн юм. Чамд хотын даргын ажил чинь сайхан зохидог. Чи чаддаг ажил. Улс төр рүү орж хэрэггүй” гэж хэлсэн байдаг. Ингээд Нааяа ах Ерөнхий сайдын албанаас анх татгалзсан. Дараа нь Багабанди Ерөнхийлөгч хэд хэдэн хүнийг Ерөнхий сайд болох боломжтой гэж сонин хэвлэлээр зарлаад ахыг дахиад дэвшүүлсэн. Нааяа ах аав дээр дахиад ирсэн. Тэгэхэд нь “За яах вэ. Монгол төрийнхөө төлөө зүтгэ” гэж хэлсэн байдаг.Сүүлд өнгөрөхөд нь “Хайран хүүхэд” гээд үнэхээр харууссан. Тамир тэнхээгээ тасартал гомдож, цөхөрсөн. Наранцацралт ах Ерөнхий сайд болчихоод манайд ирж байлаа. Байрны гадаа, орцонд тэр чигээрээ хамгаалалт гарчихаад сүйд болж билээ. Аав минь 2013 онд цагаан сарын битүүний шөнө өнгөрсөн. Ямар их буянтай хүн байгаа вэ гэж боддог. Гэртээ хэдэн сар хэвтэхэд ээж минь асарсан. Ээж Дэндэвийн Даваасүрэн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн хүүхдийн эмнэлэгт бүхий л насаараа ажилласан хүн юм. Ийм л сайхан хүмүүсийн үр удам болж төрснөөрөө бахархдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *