Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхийн гашуун үнэн (2)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Түрүүч нь №139 (5706) дугаарт

ШИНЭ ТЭЖЭЭГЧ ОРОС

Азийн хамгийн сүүлчийн түшиг тулгуур Хятад XIX зууны дунд үеэс үйлдвэржсэн европчуудын тэлэлтийн бай боллоо. Шинэ империалист Япон 1895 онд Хятадыг, 1905 онд Оросыг дайнаар буулган авчээ. Орос, Япон хоёр 1907 онд нууц гэрээгээр өөрийн нөлөөллийн шинэ газар нутгийг хуваахаар тогтов. Манжуур, Өвөр Монгол Японых, Гадаад Монгол Оросынх. Өнөөгийн Монгол улсын анхны төрх ингэж буй болсон юм.

Хятадад Манж Чин династи мөхлөө. Тэжээгчгүй боллоо гэсэн үг. Оросын шахалтаар 1915 онд Хятадын сюзэрэн боловч Оросын бүрэн эрхт нөлөөт автономит Гадаад Монгол буй боллоо. Энэ бол манж нарын дараа гарч ирсэн шинэ тэжээгч. Эхний ээлжинд Орос улс Монголд нэлээд хэдэн сая рубль зээлжээ. Үүгээр нь асар том Жанрайсаг бурханы дүр босгов. Хятадад 10 мянган, Германд мөн 10 мянган Аюуш бурханы гуулин дүр захиалан хийлгэж авчрав. Балбад гар хийцийн метр хэртэй өндөр баахан бурхан захиж хийлгэлээ. Энэ бурханыг балбаж (гараар давтаж) хийсэн учир “Балбын дархан балбаж хийсэн” гэдэг үг гарч Нэпал улсыг Балба гэж нэрлэсэн байх.

Зээлсэн мөнгийг хамаагүй үрээд байхаар нь Оросоос мөнгө хариуцсан түшмэл Козиныг Монгол руу илгээжээ. Коростовицын тэмдэглэснээр Козинтой Монголын Цэргийн сайд уулзаад сангийн мөнгөнөөс гуйжээ. Ямар хэрэг болсныг асуухад “Надад өөрт жаал мөнгөний хэрэг гараад” гэсэн гэдэг.

Улаантнууд Оросын засгийн эрхэнд гарсны дараа тэд Монголд 3 сая рубль хувьсгалд зориулж өгсөн юм. Энэ мөнгийг ерөнхийдөө Ринчино барьж байсан учир тэрээр нэг хэсэгтээ Монголын хаан байв. Үүнээс хойш үргэлж л Зөвлөлт Оросоос мөнгө гуйна, цаадуул нь барьцаанд нь үзэл суртал, янз бүрийн коммунист туршилтаа тулгана.

Монгол нь нэг талаас Япон, Хятадаас Оросыг тусгаарлах жийргэвч бүс, нөгөө талаас болзошгүй дайны үед байлдаан болоход нэн тохиромжтой хүнгүй тал нутаг билээ. Иймээс ч ХХ зуунд Зөвлөлтийн цэрэг Монголд гурван удаа орж ирж байралсан юм. Жишээ болгоход Халх голын байлдаан. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд “хилийн томоохон мөргөлдөөн” гэдэг. Японд Гадаад Монголыг эзлэх ямар ч төлөвлөгөө байгаагүй. Харин ч Манж Го улсыг хүлээн зөвшөөрвөл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн дэлхийн ганц улс байсан юм. Манж Го – Монголын хилийн зурваст маргаантай асуудал байсныг далимдуулан Зөвлөлт, Япон хоёр Халх голын районд тулалдан хүчээ үзжээ. Ерөнхий сайд Гэндэн “Байлдах дуртайгаараа Япон Орос хоёр л байлдана биз, энэнд ямар ч хамаагүй Манж Го, Монгол хоёрыг татан оролцуулах ямар хэрэгтэй юм” гэж хэлж байсан.

Монгол улс албан ёсоор 1946 онд тусгаар тогтносон нь чухамдаа Оросыг Хятад, Японоос зааглах жийргэвч бүс болох газар нутгийн байрлалтай холбоотой. Тусгаар тогтнол нь хөрш орны тулгасан үзэл суртал, нийгмийн байгууламж, үгэнд нь хүлцэнгүй орсны шан юм.

Монгол улс эдийн засгийн хувьд бүрэн өөрийн хүчинд тулгуурлаж амьдарсан нь дэлхийн II дайны зурвас үе байх. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээр гачигдаж, өөрснөө тамхи хүртэл тарьж үзэв. Дайны дараа Хятад нь коммунист гүрэн болсноор хоёр талаасаа эдийн засгийн тусламж авах таатай нөхцөлд тэжээлгэх болов. Хөршүүд үзэл суртлын хувьд зөрчилдөж эхэлсэн тавиад оны сүүлчээр бүр ч таатай нөхцөл үүсэв. Хятадын хөнгөлттэй зээл болох 190 сая рублиэр өнөөгийн Улаанбаатар, Налайхад олон обьект ашиглалтад оржээ. Ингэнгүүт үүнээс давсан зээл хойд хөршөөс орж ирэв.

ХҮЙТЭН ДАЙНЫ БУЯНААР

Жараад оноос хоёр хөршийн харилцаа хурцдан хүйтэн дайны байдалд шилжлээ. Монголд зөвлөлтийн 100 мянган цэрэг ирж байрлав. Үүний шанд Зөвлөлтөөс асар их хөрөнгө оруулалт орж ирсээр нэг мэдэхэд үндэсний үйлдвэрлэлийн 70 гаруй хувь нь тэдний зээллэгт тулгуурлах болж. Тэд төлөвлөгөөт 5 жил тутамд 3 тэрбум шилжих рубль зээлж байсан нь 1990 онд нийт 9,8 тэрбум болсон байна. Хэдийгээр энэ нь биетээр байхгүй хиймэл валют боловч албан гэж үзэх ханшаар 17 тэрбум америк доллар гэж тооцогдох аж. Энэ бол эзгүй уудам нутаг болох цэргийн полигоноо найр тавин тавьж өгсний шан юм.

Гэтэл цөөн хүн амтай Монголд харьцуулахад энэ их барагдашгүй мөнгийг юунд зарцуулаад алга болгов? Зөвлөлтийн бодлогоор Монголын эдийн засаг нь зөвлөлтийн армийг махаар хангаж байх гол ач холбогдолтой. Монголын хил дагуу Улаан-Үдийн, Читийн, Томскийн гурван том мах комбинат ажиллана. Монголын малыг 200 сая хүргэхийг ч Сталин зөвлөж байсан. Зөвлөлтийн удирдагчидтай удаа дараа уулзсан Чойбалсан, Цэдэнбал нарын уулзалтын протоколыг үзвэл Монголын мал аж ахуйг хөгжүүлэх сэдэв дагнаж байжээ. Хрущев хүртэл малын тэжээл яаж тарих технологийг Цэдэнбалд нарийвчлан зааж өгч байв. Малаа өсгөхийн тулд худаг болон өвөлжөө маш чухлыг онцлоно. Ийнхүү нийт зээлийн 60 гаруй хувийг нүүдлийн мал аж ахуйг тордоход зарцуулсан юм.

Хэдэн арван мянган худаг, өвөлжөө хаваржааг богино хугацаанд барьжээ. Нэгэнт бүх юм нь төрд хамаардаг төлөвлөгөөт эдийн засаг эдгээр худгийг олноор нь гол дагуулан угсарч, өвөлжөөг ам болгонд барив. Хагас зэрлэг нүүдлийн малд ийм тансаглал хэрэг болсонгүй, мал хувьчлагдсаны дараа ихэнх нь хэрэггүй болон хаягджээ. Мал эмнэлгийн маш том сүлжээ, зоотехникийн үйлчилгээ, өвс тэжээлийн үйлдвэрүүд, үүнийгээ хүргэх өндөр өртөгт сүлжээ хожим нь зах зээлийн эдийн засагт ямар ч хэрэг болсонгүй. Юутай ч 1970 – 1988 оны хооронд нүүдлийн мал аж ахуйд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нийт малынхаа үнээс олон дахин илүү болжээ. Гээд мал сүргийн тоо өсч чадсангүй, 20 сая орчим тоо толгойгоо барьсаар социализмыг дуусгав. Нэгэнт тэжээлгэж байгаа болохоор энэ болгоныг зөвшөөрөхөөс өөр гарцгүй.

Бараг үнэн байж магадгүй нэг онигоонд өгүүлэхдээ: Гадаадын жуулчдыг нисэх буудлаас автобусаар хот руу зөөж явна. Тайлбарлагч хотоо танилцуулна,

-Баруун талд буй нь Чехословакийн байгуулсан гутлын үйлдвэр, зүүн талд харагдаж буй нь Польш улсаас байгуулсан мод боловсруулах үйлдвэр, Зөвлөлт нөхдийн байгуулсан байшин үйлдвэрлэх комбинат энэ байна, цаана нь румынчүүд босгосон мебелийн үйлдвэр, харин энэ замыг харилцаа сайн байхдаа хятадууд барьсан юм…

-Та нар өөрснөө юу байгуулсан бэ?

-Бид нар уу…? Бид нар социализм байгуулж байгаа.

Эрдэнэт болон уул уурхайн бусад бүтээн байгуулалтад тэрхүү асар их зээлийн ердөө 7 хувь нь зарцуулагджээ. Чухал хэрэгцээт дэд бүтэц бараг баригдсангүй. Нэлээд хөнгөн үйлдвэрүүд баригдсан боловч хожим нь зах зээлийн өрсөлдөөнийг даах чадваргүй учир ихэнх нь дампуурсан. Харин орон сууцжуулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндэд зээлийн үлдсэн жаахан хэсэг нь зарцуулагдсан боловч гайхамшигтай үр дүн үзүүлсэн юм. Монгол үндэстэн түүхэндээ анх удаа соёлжиж, иргэншиж, орчин үеийн шинжлэх ухаан техник технологийг эзэмшив. Нүүдэлчид бүх түүхэндээ анх удаа урбан хоттой боллоо.

ДАРААГИЙН ШИНЭ ТЭЖЭЭГЧИД

1990 онд Монголд төрийн ардчилсан тогтолцоо ялж, улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн нь монголчуудын санаачилга гэхээсээ дэлхий даяар коммунист систем задран унасантай холбоотой. Харин энэ далимыг монголчууд зөв ашиглаж чадсан. Гэвч Үндэсний үйлдвэрлэлийн дөрөвний гурвыг зээл өгч бүрдүүлүүлдэг, гадаад худалдааных нь 90 гаруй хувийг хангадаг ЗХУ нуран тарснаар монголчууд тэжээгчээ алдав. Цөм үсэрлээ. Дэлгүүрт давснаас өөр бараагүй болж, зах зээлд өрсөлдөх чадваргүй үйлдвэрүүд дараалан дампуурав. Энэ улсад гадагш нь борлуулж чадахуйц ганц ч бүтээгдэхүүн байсангүй. Гээд байгаагаас мал хунартай учир шилжилтийн үеийн зарим орон шиг өлсгөлөнд автсангүй.

Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд Монголыг тэр дор нь гишүүнээр элсүүлэн авч тусламж дэмжлэгийн гараа сунгав. Шинэ тэжээгч! 2000 он хүртэл Монголын үндэсний үйлдвэрлэлийн 40 хувийг эдгээр тэжээгчид хөнгөлттэй зээл, хандив, буцалтгүй тусламжаар хангаж байсан юм. Ялангуяа Азийг хариуцсан Япон улс голлох тэтгэлэгийг хариуцна. Тэд энэ арван жилд тэрбум орчим долларын удаан хугацааны хөнгөлттэй зээл олгосноос гадна буцалтгүй тусламж, техникийн зөвлөлгөө болон дэмжлэг нь мөн тийм хэмжээнд хүрчээ. Франц улс гадагш их тусламж өгдөг ч нэг хүнд оногдох утгаараа Монголд хамгийн их хандив өгчээ. Хятадууд удаа дараалан их хэмжээний хандив олгов. Хэдийгээр Монгол Төвдийн хороогоор дамжсан боловч Тайваний хүнсний тусламж асар их нэмэр болсон. Монгол руу цувах хандив тусламжийн бодлогыг ерөнхийд нь АНУ, Япон зангидаж хандивлагч-дын зөвлөлгөөн олон удаа зохион байгуулсан юм. ОУВС Монголын санхүү эдийн засгийн зохицуулалтад анхаарлаа хандуулж зах зээлийн үеийн мэнэжмэнтэд тохирсон бодлогыг зааж сурган удирдсанаар тун удалгүй дажгүй амжилтад хүргэжээ.

Мал сүргийг хувьчилснаар тэр дороо тоо толгой нь өсөв. Ноолуур гадагш гаргаж болох ганц бүтээгдэхүүн учир ямаан тоо хэт өсч бэлчээрт хортойгоор нөлөөлөн цөлжилтөд нэмэр болов. Гээд зах зээлийн эдийн засгийн буянаар бараа таваар элбэгшин, шилжилтийн ид хүнд үеийг даван туулсан юм.

МОНГОЛ ХҮНИЙ ОНГИРОХ НЬ ХЯТАД ГАЛЗУУРАХТАЙ АДИЛ

Монгол улсын гадагш экспортолж болох гол бүтээгдэхүүн бол байгалийн баялаг, түүхий эд юм. Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, далайгаас хол байрлалтай зэрэг олон шалтгаанаар уул уурхай олзворлох сонирхолтой хөрөнгө оруулагч олдохгүй байлаа. Зөвхөн эхний арван жилд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монголын уул уурхайд хөрөнгө оруулахыг гуйж гувшин уриалж далласан үгийг 200 удаа албан ёсоор гадаад дотоодгүй зарлажээ.

Хятад улсын эрчимтэй хөгжлийн давалгаа хөрш Монголд хүчтэй нөлөөллөө. Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрийн дөрөвний гурав нь Хятадад бөөгнөрсөн нь тэдний гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлоготой холбоотой. Ёроолгүй ходоод шиг Хятадын зах зээл Монголд элбэг төмөр, цайр, зэсийг ховх сороход тэр хэрээрээ үнэ нь өсч байв. 2005 он гэхэд арван жилийн өмнөхтэй харьцуулахад зэсийн үнэ тав дахин, нүүрсний үнэ найм дахин өсөв. Монгол улс сүүлийн зуун жилд анх удаа өөрийгөө хангахуйц орлоготой боллоо. 10 жилд эдийн засаг 10 дахин өсч дэлхийн рекорд болов.

Хэдийгээр дэлхий даяар эгшин зуур тархсан 2008 оны санхүүгийн хямралд сүрхий донсолгосон боловч ОУВС-ийн станд бай хөтөлбөрийн хүчээр хөл дээрээ тогтлоо. Үүнээс гадна Азийн зах зээлийг хангадаг Австрали дахь асар том нүүрсний орд үерт автсан даруй коксжих нүүрсний үнэ эгшин зуур хаданд гарав. Хэдхэн жилийн өмнө тонныг нь 19 доллароор гуйж өгдөг байсан Таван толгойн нүүрс 130 доллароор гуйлгаж өгдөг болов. Улсын орлого төлөвлөснөөс хавьгүй илүү гаран саваа халих боллоо. Улсын төсвийн тодотголыг УИХ жилдээ 2-3 удаа хийж илүү гарсан мөнгөө хэрхэх тухай толгойгоо гашилгах болов.

ХХ зууны эхээр Монголд 35 жил амьдарсан швед эр Ларсон “Монгол хүний онгирох нь хятад хүний галзуурахтай адил” хэмээн дурсамж номдоо бичсэн байдаг. Нүүрсээр тасарсан Япон, Солонгос, Хятадын том компаниудаас гадна Австрали, АНУ, Энэтхэгийн олзворлогч компаниуд Монголын Засгийн газрыг царайчлах болов. Тэр хэрээр монголчууд гэдийж 4 жилийн турш тэднийг хий горьдоолоо. Хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг зөвлөлдөе хэмээн дэлхийн өнцөг булан бүрээс дуудан Улаанбаатарт цуглуулчихаад ажил их байна, дараа ир хэмээн буцааж байсан тохиолдол ч бий. Хөрөнгө оруулах гэсэн компаниудыг нүдэн дээр нь доромжлох, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүтгэн гутаах, амлалтаасаа буцан хууран мэхлэх, хээл хахууль нэхэх нь ердийн үзэгдэл болжээ. Монголчууд баяжих тусам дэлхийг үл тоомсорлон, ОУВСанг хөөж туун, гадаадын хөрөнгө оруулагчдыг шулуухан л шулаач дээрэмчдээр нь дуудах болов. Заримыг нь үндэслэлгүйгээр шоронд хорих, Монголын хилээс гарахыг нь хориглох, хий хардан үндэслэлгүй торгох нь хэвийн арга хэмжээ болов. Үүнийг аймаг дүүргийн татварын газар, цагдаагийн хэлтэс бие даан шийдэж гүйцэтгэнэ. Үр дүнд нь энэ процесс нийтийн үйлс болж борооны дараах мөөг шиг олширсон ТББ гэгдэх шантаажны гэр бүлийн бизнес дэлгэрэн компани болгоныг хувьчлан хараалж, байгаа болгов. Сул дорой төр нь үүнд арга хэмжээ авах байтугай эрх мэдэлтэн болгон үүнд хувиараа оролцох болов. Хан Рисорс зэрэг компанийг янз бүрээр шахсаар эцэст нь асар их хөрөнгө нэгэнт оруулсаныг нь үл тоон үлдэн хөөв.

Монголчууд түүхэндээ байгаагүйгээр баяжлаа. 1990 онд Улаанбаатарт 3000 автомашин хөдөлж байсны 100 нь аминых байлаа. Тэгвэл баяжсан үедээ монгол иргэд 7 тэрбум долларын автомашин, 2 тэрбум долларын гар утас, нэг тэрбум долларын цахилгаан хэрэгслэл, зурагт худалдан авчээ. Төрийн худалдан авалт хэрээс хэтэрч ашиглаж чадахгүй, барахгүй их зүйлд мөнгөө зарцуулна. Тооцоогүй цацаж өгсөн гэсэн үг. Сангийн яам мөнгөө барахаа больж УИХ-ын гишүүн болгонд захиран зарцуулах эрхтэйгээр сая сая доллар тараах болов. 2012 оны эхний хагас жилд гишүүн болгонд 1,5 тэрбум төгрөг тарааж байсан нь жилээр бодохоор 2 сая доллартой тэнцэж байлаа. Гишүүд энэ мөнгөөр сонгогдсон тойрогтоо сургууль, эмнэлэг, соёлын төв хэрээс хэтэртэл барьсан тул асар том эмнэлэгт жилд 1-2 хүүхэд эх барьж авах, нэг ангид 5-7 хүүхэд суух тохиолдол элбэг гарав. Гэтэл хүн амын тал хувь нь суух нийслэл дивтаат цөөтэй учир эмнэлэг сургууль эрс дутаж өвчтөнүүд коридорт хэвтэж, нэг ангид 50 гаруй хүүхэд суралцах нь мөн элбэг.

МОНГОЛ ХЯМРААГҮЙ, БАЙРАНДАА Л ОЧСОН

Австралийн усанд авахуулсан нүүрсний орд хатаж эргээд ашиглалтад орсноор нүүрсний үнэ уналаа. Хүлэмжийн хийн эсрэг дэлхий дахины арга хэмжээ амьдралд хэрэгжиж эхэлснээр хятадууд үй олон нүүрсний уурхайгаа хаав. Зэсийг орлох материал нээгдсэнээр зэсийн үнэ хоёр дахин уналаа. Төмрийн хэрэгцээ ч багасав. Монгол улсын гадаад өр 20 тэрбум доллар давсны дөрөвний нэг нь Засгийн газарт, тавны нэг нь Төв банкинд хамаатай. Гадаадын хөрөнгө оруулалт зугтааснаар валютийн орлого эрс багасч төгрөгийн ханш эгшин зуур хоёр дахин унав. Эрхийг ээлжлэн баригчид бурууг биен рүүгээ чихэхийн тулд авдар сав бөгс бөөрөө дэлгэн харуулж хямралыг улам өдөөх нь тэр. Алтан загасны эмгэн эвдэрхий тэвштэйгээ хоцрох нь энээ.

Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужаар кино хийсэн нь бий. Тэнд На захирагч “Чингис хааны үед их гүрнийг байгуулж, Авдай сайн ханы үед Гомбогүр бурханыг залж, Энх-Амгалан хааны үед засаг захиргааг байгуулж, Ардын засгийн үед дээдэс нь доодсоо хавчихгүй, доодос нь дээшээ мөчөөрхөхгүй ёс тогтов” гэж Монголын бүрэн түүхийг тун товчхон илэрхийлдэг. Энд би арай жаахан дэлгэрэнгүй хэлчихлээ.

2017.6.19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *