Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжинтэй ярилцлаа.

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

Сүүлийн үед шинэ зурагнууд зурж байна. Би ноднин арван сараас дөрвөн сар хүртэл Бугат хотод ажиллаж байгаад ирлээ. Уран бичлэг бичдэг Бугат хотийн уран бичигчдын нийгэмлэгийн дарга хятад хүн Ц.Энхжин бид хоёрын зургийг сонирхож үзээд тэнд “Энхжин Мөнхжин” гэж урлагийн төв нээн орон даяар мэдээлэл түгээе гэж санал тавьсан юм.

Хоёр улсын харилцааг соёл урлагаар улам баяжуулъя, хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой, гэрээгээ хийгээд ашгаа хувааж авах эдийн засгийн сонирхолтой юм билээ. Тэгээд хятадын зураачдыг тэр хүн төлөөлөөд хамтран ажиллахаар болсон юм. Надад гурван өрөө байр гарган өгч, орчуулагч, жолооч, хоол унд гэх мэт бүх зардлыг гарган жилийн гэрээ хийсэн. Гэхдээ би долоон сар ажиллаад ирсэн. Байгаад байвал байгаад л байхаар юм билээ уг нь.

Мөн Хөх хотод дөрвөн сарын сүүлээр Оросын Эрхүүгээс ирсэн зураачтай мөн Хятадын галлиграф уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж танилцуулаад ирсэн. Гурван улсын найрсаг харилцаанд урлаг соёлоор дэмжиж хувь нэмрээ оруулж байна гэсэн утгатай үзэсгэлэн болсон юм. Бид хоёрын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт бие даасан байдалтай гурван улсын туг далбаатай, улс төрийн их ач холбогдол, агуулгатай болсон. Бие биедээ хүндэтгэлтэй хандах гурван улсын харилцаа гэдэг нарийн журамтай юм байна лээ. Удахгүй Бугатын нэг том компанитай хамтран, тэр хүн зохион байгуулж Бээжин хотын орчин үеийн том уран барилга дотор тусгай зааланд энэ үзэсгэлэнгээ гаргана. Тэнд урлаг, эдийн засгийн янз бүрийн арга хэмжээнүүд явагдана. Тэдний нэг нь манай үзэсгэлэн юм. Бээжин хотод ажилладаг Тавингурав гэж Өвөрмонгол хүн надад орчуулагч хийж биднийг холбож өгч байна.

-Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байхад монголын урлагийг хэр хүлээж авдаг вэ?

-Би Австрали, Латин Америкт үзэсгэлэнгээ гаргаагүй. Арабын орнуудаас бусад орнуудад гаргасан даа. Миний өөрийн туршилгаар бол жирийн үзэгчид үзэсгэлэнгийн танхимд орж ирээд үзэж сонирхоод л худалдаж авдаг. Гэхдээ хүн үзэхгүй зарагдахгүй байна гэж байхгүй. Цөөвтөр зарагдах үе бол байна. Япон, Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бусад нь дандаа хамтарсан үзэсгэлэн. Бүх юм гэрээтэй явагддаг. Ашиггүй үе гэж бараг байгаагүй. Америкийн Нью-Иорк хотод болсон үзэсгэлэнд миний гурван зургийг тэнд амьдардаг Ганхуяг гэж залуу оролцуулаад гурвуулаа л зарагдсан. Тэгэхээр Ц.Энхжин бид хоёр гэлтгүй манай зураачид ингэж л ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч явна даа.

-Зураг зураад амьдрахад Монголд ер нь боломж байна уу? Зураачдыг төр засгаас хэр дэмжиж ажилладаг вэ?

-Манай Төр Засаг гадаад орнууд шиг мөнгө өгөөд зургийг нь худалдаж авах нь байтугай жирийн хүмүүсийн талхыг ч дийлэхгүй байна шүү дээ. Жишээлбэл Соёлын яамны урлагийн сангаар дамжуулаад зураачдын зургийг уран зургийн галерей, улсын сан хөмрөгт худалдаж авна гэсэн тогтоолтой юм. Тэгээд Засгийн газраас мөнгө гаргаад жилдээ тавин саяыг өгдөг. Манайд албан ёсоор Урчуудийн хороонд бүртгэлтэй таван зуу гаруй зураач байна. Гишүүн болоогүй олон хүн цаана нь байгаа гэж бодоход тавин сая бол тал жипний үнэ ч хүрэхгүй шүү дээ. Тэрийгээ сүүлийн хоёр жил бараг өгөхгүй байгаа. Зураач хүн чинь “хоол идэхгүй биш” иднэ шүү дээ. Тэгэхээр зэрэг манай Төр засаг урлаг соёлынхноо хаячихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Төр засаг чамайг сэтгүүлч гэж намайг зураач гэж ялгалгүй бүгдийг нь тэжээх үүрэгтэй шүү дээ. Хубилай сэцэн хааны үг байна. “Ард олон гэдэг бол улс орны үндэс. Ард олны үндэс бол идэх өмсөх юм” гэж. Тэгэхээр улс орон ард олонгүй бол байхгүй болно биз дээ, ард олон нь идэх хоолгүй өмсөх юмгүй бол байхгүй болно биздээ. Манай төр засаг сүүлийн хорин зургаан жил ард иргэдээ хангаж чадахгүй байна шүү.

-Таны аав Н.Цүлтэм гуай Барилга архитектурын чиглэлээр олон цуврал ном гаргаж байжээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?

-Манай аавын цуврал ном Япон улсад Юнескогийн зардлаар хэвлүүлсэн байдаг. Уран барилга, уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, их уран бүтээлч барималч Занабазар гээд таван цуврал гаргасан. Занабазарыг шашны тэргүүн улстөрийн талаас нь мэддэг байсан. Харин манай аав урлагийн талаас нь анх түмэнд нээж өгсөн. Үүнээс үндэслээд Н.Энхбаяр Соёлын яамны сайд байх үедээ Америкт том үзэсгэлэн гаргаж байсан. Манай аав их хүн чанартай хүн байсан тиймээс агуу их авьяас нь гундаагүй өрнөж байжээ гэж боддог. Аав маань нэг удаа Даваацэрэн хэмээх орос эхнэр дагуулаад ирсэн барималчид гурван өрөө байраа өгч байсан гэж ээж маань ярьж байсан. Орос эхнэртэй учир яаж гэрт амьдрах вэ гэж бодсон хэрэг. Үүнээс гадна аав П.Балдандорж гуайг эхнэртэй нь жил орчим амьдруулж байсан. Тэр үед би бага байж дээ. Дараа нь Самбуу гээд энэтхэгээс ирсэн буриад лам байсан. Тэр хүнийг ажилд оруулж өгөөд манайд бас жил амьдарсан. Миний мэдэхийн энэ хоёр хүн байна. Миний аав бол их тусч хүн байлаа. Олон хүнийг ажилд оруулж ажил амьдралтай нь залгуулсан даа.

-Та олон шавьтай юу? Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байсан бэ?

-Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байх үед Ардын зураач Д.Амгалан багш намайг ЗХУ-аас сургууль төгсөөд ирэхэд “Хот чимэглэлтийн анги” гэж тусгай анги гаргаж өгч байсан. Тэр үед дизайн гэдэг үгийг Монголчууд мэддэгүй байсан. Автобус унаа, зам харгуй, буудлын тохижилт, үйлдвэрийн бараа сав боодол зэргээр хүүхдүүдийг анх бэлдэж байлаа.Тэрнээс гадна бүх нэгдүгээр ангийн сурагчдад үсгийн урлаг гэж хичээл ордог байлаа. Уран зураг, хар зураг, зохиомж гээд олон хичээл орж байсан. Тэнд сурч байсан сурагчид бүгд л миний шавь байх ёстой. Гэтэл зарим залуучууд эхлээд багшаа, багшаа гэж байгаад сүүлдээ Ц.Мөнхжин ахаа л гэчихсэн явж байдаг юм. Жаахан нэр алдарт хүрэхээрээ тэгдэг юм шиг байна лээ. Гэхдээ уран бүтээлч хүнд хүн чанар гэдэг хамгийн чухал чанар байх ёстой юм шүү.

-Одоо үед уран бүтээлч гэлтгүй энгийн хүмүүс ч хүн чанаргүй болж байна. Уран бүтээл хаанаас төрдөг юм бэ?

-Уран бүтээл эх орноо гэсэн сэтгэлээс төрдөг. Уран бүтээлч хүн гэдэг бол заавал авьяастай байж, авьяасаараа л бүтээлээ хийдэг. Авьяасгүй хүн бол хичнээн мэрийгээд хэрэггүй. Авьяасыг тордож байхгүй бол гунддаг. Гэтэл түүнийг тордох юм нь хүн чанар байдаг. Хүн чанараа алдаж байгаа хүний уран бүтээл сайн сайхан болоод урлагийн түүхэнд үлдчихсэн юм нэг ч байхгүй. Агуу бүтээлч байсан хүмүүс бол дандаа эх оронч сэтгэлтэй байсан. Урлагийн түүх судална гэдэг чинь зүгээр нэг зурсан зургийг нь үзээд тэрнээс нь хуулбарлаад байх хэрэг биш. Тэр хүнээс үлгэр жишээ, сургамж авч байх ёстой. Гэтэл манай зураач нар үлгэр авдаггүй. Зураачдын хүн чанар их муудаж байна. Тэгэхээр авьяас нь нэг л өдөр гундана. Өнөөдөр ганц хоёр зургийг нь хүмүүс худалдаж аваад би болж байна гэж бодож байтал тэр нь үлдэхгүй шүү дээ. Хэрвээ уран бүтээлч хүн уран бүтээлээ мөнхөд байлгая гэж бодож байгаа бол үүнийг бодох хэрэгтэй. Хүн бол мөнх биш. Харин уран бүтээл бол мөнх байдаг. Жирийн хөдөлмөрөөс уран бүтээл үүгээрээ л ялгаатай. Үүнийг мэдэхгүй хүн чанараа гээгээд байх юм бол авьяас нь улам л зэврээд байна гэсэн үг. Хүний юу боддог ямар үзэл бодолтой юм гэдэг нь уран бүтээлд нь тод илэрдэг юм.

– Уламжлалт урлаг монголд хэр хөгжиж байна вэ? Уламжлалаа бид яаж авч үлдэх вэ?

-Түүх гэдэг чинь уламжлал шүү дээ. Манайх уламжлалт урлагаа хөгжүүлэх түүхээ үргэлжлүүлэх гэдэг юмаа хаяад байна. Гадаадын юмыг их дуурайж байна Солонгос кино их үзэж байна. Тийм болохоор царай нь монгол боловч сэтгэхүй нь гадаад болоод байна. Гадаадынхныг бишрэн шүтдэг тэгээд түүндээ төөрөлдчихсөн. Гадаадаас тусламж авна л гэнэ. Дэлхийн агуу их эдийн засагтай агуу их төрт улсыг байгуулж байсан түүхээ эргэн харж үлгэр аваачээ. Чингис хааны үеийн ганцхан түүхийг ярихгүй шүү. Тэрнээс өмнө арван гуравдугаар зуун хүртэл өчнөөн улс байсан. Хүннүгээс хойш тэр улсууд чинь мандах үедээ мандаж, буурах үедээ буурч явсан. Тэд агуу их соёл, эдийн засгаа яаж авч явж байсан бэ, үүнээс суралцах хэрэгтэй шүү дээ. Уламжлал гэдэг маш өргөн хүрээтэй уламжлалаа үргэлжлүүлж аврах хэрэгтэй. Тэрнээс биш хөгжүүлнэ гэж ярьж болохгүй. Өнөөгийн хүмүүсийн мэдлэг юу ч биш болж байна.Түүхээ судлахгүй ам дамжсан яриагаар дандаа худлаа ярьдаг болж. Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ. Түүхээ мэдэж байж монгол сэтгэхүй гарна биз дээ.Түүхээрээ бахархахгүй бол яаж эх орноо гэх вэ.

– Түүхээсээ бид дэндүү хол хөндий болсон юм шиг санагддаг. Социализмын 70 жилд монголчууд түүхээ мартчихсан юм биш үү?

– Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр социализмруу бүх юмыг чихэж болохгүй. Тэнд сайн юм их байсан шүү. Тэр суурин дээр Монголоо хөгжүүлэх ёстой байтал дордуулчихаад социализмийн үеэс л боллоо гэж ярьж болохгүй. Тэр үеийн сэхээтнүүд өнөөдөр байсан бол энэ боломжтой нийгэмд их юм бүтээнэ шүү. Манай улстөрчид юу ч хийж чадахгүй байгаа чинь арчаагүй байгаагийн илрэл. Гаднаас хайгаад байх юм байхгүй эх оронд маань бүх юм нь байж байна шүү дээ. Бид нар үндэс угсаагаа ярьвал Чингис хаан агуу их өвөг дээдсийн үр сад. Удмаа ярьвал агуу түүхтэй биздээ. Тэгээд яагаад өнөөдөр ийм ядуу байна гэвэл төр засаг зөв бодлого явуулахгүй байгаатай л холбоотой. Улс төрч хүн гэдэг бол хамгийн түрүүнд алсын хараатай байх ёстой. Мөн үзэл суртал нийгэмд маш их нөлөөлж байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглал гэчихээд агуулгаар нь хийхгүй байна. Дандаа хүмүүсийг будилуулах юм хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа мэдээллийг буруу зөв гэлтгүй хоёуланг нь зэрэг цацчихдаг. Уг нь бол дүгнээд энэ нь зөв энэ нь буруу гэж ялгаж цацах ёстой. Бид одоо ч түүхийг бүтээсээр байгаа юуг бүтээгээд байна вэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй.

Би Монголын сэхээтэн хүн. Тиймээс эх ороныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна. Хүнд эх орноос илүү дээд юм гэж байхгүй. Хүүхэд байхаас нь заах, хүмүүжүүлэх хэрэгтэй. Түүхээсээ, ахмад үеэсээ суралцах хэрэгтэй. Миний эх орон өөр орноос дутхааргүй, монгол хүн хэний ч өмнө нүүр бардам явдаг.Бусад хүмүүс биднийг хүндэлдэг байгаасай гэж би хүсдэг. Өнөөгийн бид алдаа дутагдлыг нь шүүмжилж хандвал өөрийгөө өмгөөлөөд, гаднаас бурууг хайдаг, тэр бүү хэл түүхрүүгээ түлхдэг. Үүнийгээ л засах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *