УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4 674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно.
Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:
-Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14.3 их наял төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
– Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.
– КОВИД-19-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлого хэрэгжүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 онынхоос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.
– Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан.
– Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх онынхоос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.
Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг биелүүлсэн хэмээн үзсэнийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан зэрэг дутагдал байгааг онцолсон юм. Улмаар төсвийн ерөнхийлөн захирагчдийн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 43, хязгаарлалттай 14 дүгнэлт гарсан байна. Тус аудитаар дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогдогч тодорхойгүй 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй, дамжуулан зээлдүүлсэн зээлийн 234.8 тэрбум төгрөгийн хүүгийн авлагыг дутуу тайлагнасан, Хөгжлийн банкны зээлийн 56 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл чанаргүй зээлийн ангилалд орсон зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн төсөв, санхүүгийн анхан болон дунд шатны хяналтын үйл ажиллагаа төлөвшөөгүй, хангалт сул байгаа тул дотоод аудитын тогтолцоог хуульчлах, төсвийн ерөнхийлөн захирагч нар өгсөн дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэн дүгнэх нь шат шатанд сайжрах боломжтой хэмээн аудитын байгууллага үзжээ. Улмаар аудитын байгууллагаас УИХ-д 7 асуудал толилуулж, Ерөнхий сайдад 15, Сангийн сайдад 13, Эдийн засгийн хөгжлийн болон БХБ-ын сайдад тус бүр 1, төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5 зөвлөмж хүргүүлснийг Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцолсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 30 орчим гишүүн асуулт асууж байна.