Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвийн орлого их наяд давсан ч хүүхдэд өгөх мөнгө байхгүй гэнэ

Үндэсний статистикийн хороо мэдээлэл хийж улсын төсвийн орлого төлөвлөснөөс 904 тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай сайн мэдээ дуулгав. Орлого ингэж нэмэгдэхэд татвар чухал нөлөө үзүүлсэн гэнэ. Хэдийгээр зарим нэг татвар зуу гаруй тэрбум төгрөгөөр буурсан ч гэлээ нийгмийн даатгалын орлого, орлогын албан татварууд өссөн байна. Төсвийн орлого төсөөлж байснаас их наяд орчим төгрөгөөр өснө гэдэг эдийн засаг сэргэж буйн дохио. Хэдийгээр статистикийн тоо баримтыг хөөсрөлттэй гэх яриа байдаг ч дээрх эерэг үзүүлэлтийг баталсан мэдээлэл байна. Юу вэ гэвэл Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг давчихаж. Иймэрхүү эерэг үзүүлэлтүүд хэдийнэ гарч эхэлсэн нь эдийн засаг өсөлттэй байгаагийн илрэл. Харин хүүхдийн мөнгө өнөөдрийг хүртэл сураггүй байна. Уг нь бол өнгөрсөн хавраас хойш хүүхдийн мөнгийг олгоно, олгохгүй гэж ярьсаар ОУВС-гийн хөтөлбөрөөр далайлган зогсоочихсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэмэх оноо авах зорилгоор хүүхдийн мөнгө олгож байлаа. Одоо харин таг чиг байна. Сангийн яамнаас хүүхдийн мөнгийг хэзээнээс эхэлж олгох вэ гэдгийг тодруулахад “УИХ-ын намрын чуулганаар төсвийн тодотгол хийнэ. Тэр үед хэлэлцэнэ” гэсэн хариу өгч байна лээ. Харин эрх барьж буй МАН-ынхан энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй таг чиг болчихлоо. Уг нь Ардчилсан намынхан наймдугаар сарын эхээр “Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг олго” гэж хичнээн шаардсан. Одоо бол МАН-ынхан хэн нь дарга болох вэ гэх өрсөлдөөнд хамаг анхаарлаа хандуулаад юун хүүхдийн мөнгө манатай л байна. Угтаа бол Монгол Улсын нэн тэргүүнд анхаарал хандуулах ёстой зүйл нь хүн амын өсөлт. Энэ өсөлтийг дэмжих хамгийн том хөшүүрэг нь хүүхдэд сар болгон олгодог 20 мянган төгрөг. Гэтэл төр засаг хүүхдэд энэ мөнгийг олгож чадахгүй байна. Уг нь бол дээрх статистикийн мэдээллээс харахад хүүхдийн мөнгө байтугайг шийдэж болохоор харагдаж байгаа юм. Гэтэл намынхаа дотоод хэрүүлээс болоод заавал ч үгүй төсвийн тодотгол хүлээх болчихлоо. Хэрэв эрх барьж буй МАН Монголын ирээдүйг, үр хүүхдээ гэж боддог бол ээлжит бус чуулганыг өнөөдөр ч хамаагүй зарлаж хуралдуулаад хүүхдийн мөнгийг олгочихож болмоор харагдаад байгаа юм. Ийм боломж бий гэдгийг эдийн засагчид ч хэлж байна лээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачдаас энэ тухай тодруулахад “Хүүхдийн мөнгө олгох боломж бүрдэж байгаа” гэдгийг хэлж байсан. Ер нь төсвийн орлого их наядаар давна гэдэг чамлах зүйл биш. Тиймээс эрх баригчид хүүхдийн мөнгийг олгохгүй байгаагаа “Мөнгө байхгүй” гэж тайлбарлах аргагүй. Нэгэнт хоёр ч сонгуулийн ард гарчихсан болохоор тэдэнд хүүхдүүд мөнгөө авах эсэх огт хамаагүй болчихож.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *