УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч хугацааг нь хойшлуулж, энэ сарын 21-нд хэлэлцэхээр боллоо. Засгийн газар 2015 оны төсвийн хуулийн төслийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг төдийгүй хотын удирдлагуудын зүгээс хуулийн төслийг татах шаардлагатай гэж үзжээ. Энэ дагуу Засгийн газар хуралдаж, төсвийн хуулийн төслөө татан авч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтэй уялдуулан хуулийн төслөө дахин өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай байна гэсэн санал гаргалаа. УИХ-ын дарга УИХ дахь гурван намын бүлгийн дарга нарт хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийх хугацааг товлох үүрэг өгч хугацааг хойшлуулахаар болов. Одоо Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэж байна.