УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Учрал гишүүний өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Төсвийн байгууллагууд их хэмжээний мөнгө төсөвлөх, түүнийгээ хуулийн тодорхой зохицуулалтгүйгээр зарцуулах, хөрөнгийг үр ашиггүй үрэх тохиолдол аудитын байгууллагад цөөнгүй бүртгэгддэг байна. Иймд төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн байна. Уг дүгнэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэжээ. Чуулганы хуралдаанаар Үндэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар шийдвэрлэж, хууль хоорондын зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон тогтоол батлав.