Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төсөв тойроод мөндөр шиг шаагих сэтгүүлчид минь, та нар “Бидэнд юу өгсөн бэ” гэж асуусан уу

Засгийн газар энэ сарын эхээр 2021 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Энэ удаагийн төсвийн төсөл анхаарал татах олон өнцөгтэй байгааг сэтгүүлчид онцолж, энэ сэдвийг тойрч мөндөр шиг шаагьцгаан “Тэр өөрийнхөө аймаг, тойрогт олон тэрбумыг тавиулчихлаа”, “Манай тойрогт юм өгсөнгүй”, “Тэнд бага хөрөнгө төсөвлөчихлөө. Уг нь ихийг төсөвлүүлэх ёстой байсан. Энэ мэдээллийг олонд түгээгээд хүний анхааралд өртүүлээд өгөөч” гэх хүмүүсийн захиалгаар яг хэлснийг нь давтан ярьж, бичицгээж нулимс асгаруулан гүйж, ирэх оны төсвийн төлөө орилолдоод явж байна. Тэгвэл сэтгүүлч та бүхэн төсөв хэлэлцэж байгаа эрх мэдэлтнүүдээс “Бидэнд төсвөөс юу өгсөн бэ. Юу өгөх гэж байна” гэж асуув уу. Ингэж асууж байгаа ганц ч болов сэтгүүлч байна уу.

Монголд хэвлэл мэдээллийн салбарт төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Төрийн дэмжлэггүй бол явахгүй шүү. Сонины салбарт гэхэд цаас, шуудангийн зардал бол хувийн хэвшлүүдийн хувьд дааж давшгүй өндөр даваа болдог. Тогтмол, өдөр тутам гардаг энэ зардлуудад сонинууд ямар их туйлддаг гэж санана. Төр сонины цаас, шуудан хүргэлтийн зардлыг нь хариуцаад явчихад болохгүй зүйл байхгүй. Үүнээс гадна төрийн байгууллагууд тендер зарлуулах, үйл ажиллагаагаа сурталчлахдаа сонинтой хамтарч байх нь энэ салбарыг дэмжих том алхам болно. Телевизийн салбарт ч мөн дахин дамжуулах станц, телевизийн нэвтрүүлгээ улс орон даяар цацахад сүлжээний асуудал хүнд тусдаг учир төрийн дэмжлэг хэрэг болдог. Төр нь хэвлэл мэдээллийн салбарт бодит хөрөнгө оруулалт, дэмжлэг, туслалцаа үзүүлсний үндсэн дээр л Монгол Улсад хэвлэл мэдээлэл оршин тогтноно. Яагаад энэ салбарт төрийн дэмжлэг шаардлагатай вэ гэхээр монголчуудын ихэнх нь ядуу. Ядуу учраас хэвлэл мэдээллийн үйлчилгээг тарифт үнээр нь авч чаддаггүй. Хоёрдугаарт, манай улс хүн ам цөөтэй. Дэлхийн газар нутгийн 10 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээний өргөн уудам газар нутагтай. Ийм өргөн уудам талыг шуудан холбоогоор туулан сонин хэвлэл хүргэх, телевизүүд дахин дамжуулалт хийхэд яалт ч үгүй өндөр зардал гаргадаг.

Сонин, тогтмол хэвлэлүүд шуудангаар олон мянган километр замыг туулан очихоос өөр аргагүй. Телевиз сансрын дахин дамжуулалтын тусламжтайгаар хөдөө хязгаарт нэвтрүүлгээ цацахаас өөр сонголтгүй. Хэвлэл мэдээллийн голлох байгууллагууд ард иргэддээ мэдээлэл хүргэхийн тулд энэ мэт маш хүнд ачааг төдийгөөс өдий хүртэл нуруундаа үүрч ирлээ. Хэрвээ энэ болгоны төлбөрийг төр төсөвтөө шингээж хэвлэл мэдээллийн салбарт тогтмол төсөв суулгаад хэвшчихвэл иргэдийн хувьд бодит мэдээлэл цаг алдалгүй авах боломж нээлттэй болно.

Заримдаа гэлтгүй ер нь ихэнх бизнест төр тодорхой хэмжээгээр оролцож баймаар харагддаг юм. Монголын бизнес гуравхан хоногийн настай. Дорхноо дампуурдаг, эсвэл хөгждөггүй. Төр оролцоод л зөв зохицуулалт хийгээд замыг нь чиглүүлээд өгчихвөл урагшаа явчихмаар ажил олон бий. Хүн болгоны мэдэх нэг жишээ байна л даа. Атарын гуанзыг баруун тийшээ явдаг машинтай хүн болгон мэднэ. Зах зээл эхлэхэд 30 жилийн өмнө тэр хавьд хоолны гэрүүдийн үйл ажиллагаа эхэлж байлаа. Одоо яг тэр хэвээрээ. Ерөөсөө хөгжөөгүй. 30 жилийн өмнө хэдэн том хар гэрүүд бариад эхэлсэн. Өнөөдөр бахь байдгаараа. Жинхэнэдээ тэнд хүн буугаад бие засаж, хоол идэхийн аргагүй. Монголчууд тулдаа л иддэг байх. Зун нь ялаа язганаж, өт буцалсан ил жорлонтой, өвөл нь тэр жорлонгийнх нь ялгадас овоороод дээр нь сууж боломгүй. Зөөврийн устай болохоор усаа хэмнээд өдөржингөө устай ганцхан түмпэнд аяга, тавгаа зайлаад л хүнд хоол хийж өгдөг. Ийм газрыг хөгжиж байна гэх үү. Зүй нь энд төр оролцох ёстой байсан юм. Гуанзны тоонд хязгаар тавих юм уу эсвэл газар дээр нь барилга байшин барьж өгөөд үйл ажиллагаагаа явуулаад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хамтарч ажиллая гэсэн бол өнөөдөр дүр зураг өөр байх байсан. Ийм төрийн зохицуулалт тэнд хэрэгтэй л байж дээ гэж одоо харагддаг шүү. Үүн шиг хэвлэл мэдээллийн салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй. Гайгүй бичдэг болгон нь хэвлэл мэдээллийн компани байгуулаад гараад явснаас угаас хүрээ багатай байсан зах зээлийг олон жижиг хэсэг болгож тарамдуулаад хаячихсан. Бүгд хоосон ядуу болохоор хэвлэл мэдээлэл тэр чигээрээ дархлаагүй болж ямар ч захиалагчийн өмнө өвдөг сөхөрч, хэн дуртай мөнгөтэй хүний бөгсний алчуур болж хувирчихсан юм. Тэгэхгүй гээд ч яах юм. Ийм эдийн засагтай үед турж үхэлтэй биш. Нөхцөл байдал нь ийм байхад ямагт бусдын төлөө өөрсдийгөө умартан гүйдэг, төсвийн асуудлыг тойроод мөндөр шиг шаагьж байгаа сэтгүүлчид минь ганц ч удаа болов өөрсдөдөө зориулж төрөөсөө мөнгө нэхээч ээ.

Түрүүчээсээ төсвөө тануулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд задрахад ойртоод байна. МҮОНРТВ-ийн төсвийг хассанаас дотор нь ажилладаг сэтгүүлч, уран бүтээлчид, ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж тухайн телевиз бут үсрээд байхгүй болох гэж байна шүү дээ. Иддэг хоол нь багасчихсан болохоор үлдсэн хоолон дээрээ алаан болж байгааг бүгд харж байгаа.

Сэтгүүлчид бид хэдий болтол өөрсдийн салбараа орхигдуулах ёстой юм бэ. Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ эгзэгтэй үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, энэ салбарт харьяалагддаг хүн бүр УИХ-ын гишүүд болоод холбогдох хүмүүст нь нөлөөлж, хүчтэй лобби хийж, шахалт үзүүлэх хэрэгтэй байна.

Жил бүр хэвлэл мэдээллийн салбарт улсын төсвөөс мөнгө суулгуулдаг болох хэрэгтэй. Өнгөрсөн жил манай сонин мөн энэ сэдвийг хөндөж, сэтгүүлчдийг уриалж байсныг санаж байгаа байх. Урьдчилсан таамгаар ирэх жилийн төсөвт хэвлэл мэдээллийн салбарт юм тавих шинжгүй болоод байна шүү. МҮОНРТВ-ийн төсвийг хассан гэхээр юм төсөвлөхгүй байж мэдэх нь. Тиймээс сэтгүүлчид ганц ч удаа болов салбарынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж, салбартаа мөнгө хуваарилуул. Энэ бүгдийг сэтгүүлч бүр дор бүрнээ бодож, нэгийг эрэгцүүлээрэй. Ингэхэд бидэнд төсвөөс юу өгдөг билээ, сэтгүүлчид ээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *