Categories
мэдээ нийгэм

Тусламжийн өвс, тэжээлийг малчин өрх бүрд хүргэж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баяхонгор, Говь-Алтай гэсэн 6 аймаг зудын эрсдэл өндөр, 10-аад аймгийн 80 гаруй суманд өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсжээ. Ихэнх аймагт өнгөрсөн 7 хоногт цасаар шуурсанаас мал бэлчих боломжгүй болжээ. Тухайлбал, Баянхонгор аймагт мал бэлчих боломжгүйгээс малчид малдаа 11 дүгээр сараас хойш зөвхөн тэжээл өгч байна.

Засгийн газраас өнгөрсөн 7 хоногт өвөлжилт хүндэрсэн таван аймагт хүргүүлсэн өвс, тэжээлийг аймаг бүрд малчдад олгохоор ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энд Говь-Алтай аймгийн 10 сумын 4200 малчин өрхөд 1.1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16.300 малчин өрхөд 4.2, Баянхонгор аймгийн 20 сумын 1200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4000 малчин өрхөд 1, Дундговь аймгийн 15 сумын 7200 малчин өрхөд 1.8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгож байна.

Дээрх ажлыг аймгуудын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцан малчин өрхөд тусламж хүрсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулж, үүнд мөн тусламж үзүүлсэн Дэлхий банкнаас журам, дүрмийн дагуу хянаж байна.

Засгийн газраас эхний ээлжинд өвөлжилт хүндэрч буй 5 аймгийн 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлж байгаа юм. Мөн отроор яваа малчин өрхөд 1200 тн тэжээл хүргэж байна.

Түүнээс гадна МУЗН-ээс зудын эрсдэл өндөр 6 аймгийн малчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн баг өнөөдөр нийслэл хотоос хөдөлж байна.

МУЗН цаг уурын урьдчилсан мэдээлэлд тулгуурлан энэ жил 2 мянган малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөснөөс өнөөдөр эхний ээлжийн тусламжийн баг хөдөө, орон нутгий зорьж байна. Тусламжид 1260 малчин өрхөд олгох эрдэс тэжээлийн багц багтжээ. Тусламжийг өвөлжилт хүндрээд буй Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баяхонгор, Говь-Алтай аймгийн 42 суманд хүргэх аж. Энд мөн бэлэн мөнгөний тусламж орж буй бөгөөд малчдын дансанд шилжүүлж байна. Тусламжийн хувьд нэг өрхөд 410 мянган төгрөгийн тусламж үзүүлэх юм.

Тусламжийг аймгуудын Онцгой байдлын газар, МУЗН-ийн салбар хороо хамтран малчдад хүргэх аж. Тухайлбал, Баянхонгор аймгийн 19 сумын 240 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багцыг хүргэнэ. Тус аймагт өвөлжилт хүндэрч 120 гаруй мянган толгой мал хорогдоод байна. Дундговь аймгийн хувьд 10 аймгийн нутагт нэг сая гаруй мал оторлож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *