Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Энэхүү хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн билээ.
Тусламжийн цувааг хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2016 оны 07 дугаар сарын 18/ Баян-Өлгий аймагт очоод байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, хүмүүнлэгийн тусламжийг цаг хугацаанд нь оновчтой, хүртээмжтэй хүргэхэд Онцгой байдал, цагдаагийн байгууллага, сум орон нутгийн удирдлагуудын төлөөллүүд хамтран хяналт тавьж ажиллах, хүмүүнлэгийн тусламж нь эзнээ олсон, давхардахгүй, хохирол амсаагүй иргэдэд очихгүй байх ёстой гэдгийг видео хурлын үеэр орон нутгийн удирдлагад хандан анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн билээ.
Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас үерт өртсөн, тусламжид хамрагдах айл өрхүүдийн судалгааг гаргаж, тусламжийг хуваарилах бэлтгэлийг хангаад буй юм байна.