Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болжээ.
Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ. Улмаар 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.
Хүн алга болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гээд нийт 28 хүн, 7 автомашинтайгаар нийт 77 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын эрэлч нохойтой 8 алба хаагч өчигдөр буюу 11.18–нд тухайн газар очиж, “Өлийн даваа” орчимд 100 метрийн радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон байна.
Харин өнөө өглөө 07:10 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.