Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдын ар гэрийнхнийг төрийн байгууллагуудын үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байхыг хүслээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийж, COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Ойрын хугацаанд тусгаарлагдаад буй сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Дорноговь аймагт кемпэд тусгаарлагдсан 54 иргэний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ирсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Ингэснээр хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа.

  • Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хяналт шинжилгээ хийж байна.
  • Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй” гэлээ.

Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан талаар мэдээлэв.

Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хэрхэн хангасан талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1,328 иргэнийг ажиглалтад авч хянаж байна. Одоогоор 609 тохиолдол ажиглалтад байна. Харин энэ хугацаанд 290 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Дархан-Уул аймагт өчигдөр шөнө сэжигтэй гурван тохиолдол нэмэгдсэн. Эдгээр нь Бээжин, Австрали, Тайландаар дамжин зорчсон гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайваниар явсан нэг хүн байгаа. Мөн өчигдөр Сэлэнгэ аймагт 10 сэжигтэй тохиолдол нэмэгдлээ.

Өмнөговь, Дорноговь аймгуудад хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.

Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор энэ сарын 13, 14-нд орж ирсэн иргэдээс тусгаарлалтад 59 хүн байна. Халуурсан, шүд өвдсөн гэх өгүүлэмжтэй нэг иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Бусад иргэн нь сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байранд байгаа” гэв.

Өнөөдөр БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаанаар эх орондоо ирэх эхний ээлжийн иргэдийг авчрах гэж байна. Тэднийг хүлээн авахад бэлэн байдлыг хэрхэн хангасан болон хаана тусгаарлах талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрсөн. Бидэнд өгсөн урьдчилсан мэдээллээр 16:20 цагт Улаанбаатарт газардана гэсэн тооцоололтой байна. Үүгээр 250 зорчигч ирнэ. Зорчигчдыг хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангасан.

Зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ очиж авна. Харин хагалгаанд орсон, жирэмсэн, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдээ Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Харин бусад тохиолдолд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэггүй бол тусгаарлах байранд тусгаарлах юм” хэмээв.

Түүнчлэн тэрбээр зорчигчдын ар гэрийнхнийг төрийн байгууллагуудын үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байхыг хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *