Монгол Улс өнөөдрийн байдлаар гадаадын 93 улсаас 31168 иргэнээ татан аваад байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Гэвч тусгаарлах байр болон бусад техникийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэдгийг Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулбал,
-Дөрөвдүгээр сарын 5-нд төлөвлөж байсан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг дөрөвдүгээр сарын 6-ны орой,
-Дөрөвдүгээр сарын 6-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 7-нд,
-Дөрөвдүгээр сарын 14-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Солонгосын Асиана Эйрланс компани үйлдэнэ,
-Дөрөвдүгээр сарын 26-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн “Кореан Эйр” компанийн нислэгийг иргэд болон тус компанийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын 28-нд болгож нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Харин нислэгийн тийзийн үнийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-ын хоёрдугаар сарын ээлжит хурлаар МИАТ компанийг тусгай үүргийн нислэгийн тийзийн үнээ хямдруулах үүрэг чиглэл өгсөн. МИАТ компани гуравдугаар сараас хойших тусгай үүргийн нислэгийн тийзийн үнээ 15 хувиар бууруулсан. Бид гадаад улсуудын авиа компаниудын нислэгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хүлээж авах болсонтой холбоотойгоор уулзалт хийхдээ тийзийн үнээ хямдруулах санал тавьсан” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар агаарын хилийг тавдугаар сарын 1-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх дөрөвдүгээр сард Сөүлээс бусад чиглэлийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд авиа компаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжихээр болжээ. Зөвхөн транзит зорчигч авах дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэд ч энгийн горимоор тийзээ авна.
Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэд дөрөвдүгээр сарын 14-нд “Асиана Эйрлайнс” ХХК, дөрөвдүгээр сарын 28-нд “Кореан Эйр” компанид хандан, тийзээ захиалах боломжтой аж. Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм.