Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог “Cinema for Peace” буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртжээ. Тус наадам нь энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн “Cinema for Peace” ёслолын арга хэмжээ болж байгаа юм.
Энэ үеэр “Best Supporter” буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн төсөлд олгосон байна. Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ. Тэдний энэхүү шагналыг Францын алдарт жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн “Газарчин” киногоор монголчуудад танигдсан Югослав-Германы жүжигчин Гойка Митич нар гардуулсан байна.