Олон нийтийн сүлжээнд 10 настай охин эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, тусгаарлах өрөөнд байсаар нас барлаа хэмээх мэдээлэл цацагдсан.
Тухайн хүүхдэд ямар эмчилгээ, тусламж үзүүлсэн талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэл өглөө.
Охин орны ар хөндий рүү эвгүй унасны улмаас арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө хэмээн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын түргэн дуудаж үзүүлэхэд, түргэн тусламжийн эмч нар “Хордлого” гэж оношлон дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн.
Ингэснээр зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн тухай эцэг, эх нь хэлсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 19-ний өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн тул Түргэн тусламж дуудан Зүүн хараагийн эмнэлэгт хэвтжээ.
2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07:30 цаг, 10:38 цагт тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан бөгөөд хүүхдийг зөөвөрлөж огт болохгүйг хэлсэн байна.
Харин гэр бүлийнхэн нь охиныг зөөвөрлөн хотод ирсэн аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны 17:35 цагт ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн утсаар холбогдож, 22-н товчоонд хүнд хүүхэд ирлээ гэх мэдээллийг ЭХЭМҮТ-д өгчээ.
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт очиход тухайн үед үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн, Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн тул ЭХЭМҮТ зохих журмын дагуу тусгаарлан авахаар болжээ. Тухайн үед Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул өөрсдийн түргэний машинаараа авахыг хүссэн байна.
Ажлын бус цаг учир ЭХЭМҮТ эмч, сувилагчаа дуудаж,яаралтай тусламжийн бэлтгэлээ хангаад 18 цаг 40 минутанд ЭХЭМҮТ-өөс хөдөлжээ. Тэднийг 5 шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19 цаг 11 минутанд хүүхдээ аваад ирсэн учир дуудлагын машинаа замаас буцаасан.
Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн бөгөөд Тархвар судлаач 17:54 цагт, ерөнхий захирал 18:34 цагт Яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.
ЯТТ-ийн эмч, сувилагч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19: 30 цагт орж түргэвчилсэн сорил болон PCR шинжилгээний сорил авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 21-ний 05:15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19:40-08:10 минутийн хооронд мэдээлж байв.
Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компютер томографийн шинжилгээ хийхэд тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч, эмч, сувилагчийн баг 24 цагаар ажиллажээ.
Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр давтан PCR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24-ний өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн байна.