БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Монгол түүх номын 4 дэх шинэчилсэн хувилбарыг бичиж найруулан дуусч байна. Уул бүтээлийн анхны хэвлэлт 1996, Хоёр дахь шинэчилсэн хэвлэлт 2006, Гурав дахь шинэчилсэн хэвлэлт 2016 онд бичигдэн дуусч тус бүр олон дахин хэвлэгдсэн билээ. Шинэ дөрөв дэх хэвлэлтэд нэмэлт маш олон материал орж байна. Б.Цэнддоогийн саяхан хэвлэгдсэн “Гончигжанцангйн Бадамдорж” бүтээл урьд огт эшлэгдэж байгаагүй түүхийн олон баримтыг олж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан юм. Тэндээс бараг л тэр чигээор нь эшлэн хуулж өөрийн номдоо оруулсан энэ хэсэг нь Гурван улсын гэрээний дараах Гадаад Монгол дахь харынхан ба шарынхны хоорондын тэмцлийг баримттайгаар илэрхий үзүүлсэн байна.
Монголчууд тусгаар тогтнолоо сэргээхдээ оюун санааны удирдагчаа тойрон хүрээлж, Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөн нь хаан ширээний төлөөх хан нарын хоорондын тэмцлийг тойрч гарсан ухаалаг алхам байлаа. Гэвч ухаалаг алхмын араас ухаалаг гишгэдэл дагалдсангүй. Ерөөсөө улс байгуулсныхаа маргааш л Орос, Хятадын нүдэн дээр булайгаа хутгаад эхэлсэн нь Хүрээний цахилгаан мэдээний газрын дарга Гү Баовань төвдөө явуулсан тайландаа “Хүрээ тусгаар зарласан хэдий ч Гадаад Монголын хоёр гурван ван, гүн Жавзандамбад өширхөн хар буруу санажээ”i хэмээн мэдээлснээс харагдана. Монголын ноёлогч ангийн дотоод хямрал, зөрчилдөөн, үзэн ядалтыг ажигласан хятадууд “Эд нар лам нараа шарынхан гэж нэрлэдэг… хар шарынхан хоорондоо тэс ондоо. Хард элссэн хүн шарынхантай ойртоно гэж саналтгүй” ii хэмээн тэмдэглэж байж.
Богд Жавзандамба нь Чингисийн удмынхны гэр бүлд Занабазарт хувилан анх мэндэлж, цаашдаа сүнс шилжиж, эргэн төрөх байдлаар найман үе дамжижээ. Хэдийгээр төвд цустай боловч ламаизмын утгаараа “алтан ургийн сүнс”-тэн ажгуу. Дээр нь Жавзандамба болон бусад хутагтын хойд дүрийг язгууртны гэрээс тодруулахгүй байхаар журамласан Манжийн хааны зарлиг ёсоор “харц гаралтан, хар ястан” болж таарч байв.
Харин эзэн Чингис хааны алтан ургийн хан нар бол тэнгэрээс заяат эрх баригч нар аж. Гэтэл тэдэнд төрийн тэргүүний ч, Ерөнхий сайдын ч суудал эхэндээ ногдсонгүй. Алтан ургийнхан төр барих амбицтай төдийгүй, сайн угсааны тэтгэлэг мялаалгад амташсан бүлэг болчихсон байв.iii
Манжууд Гадаад Монголыг тогтоон барихдаа үлдээсэн хорлонт өв бол дээрх “эрхийн тэнэг” хүүхэд шиг болчихсон дээд ангийнхан байсан бололтой. Тэдний нэлэнхүй хэсэг нь цалин пүнлүүгээ хүртээд зүгээр хэвтэж явсан “Чингийн үеийн сайхан байдал” юугаа ил далдаар мөрөөдөгсөд. Тийм дээ, Халхын дөрвөн ханы өмнөөс 1911 онд Оросын хаанд илгээсэн захидалд сүүлийн хэдэн жил цалин өгөөгүй Бээжинд гомдлоо илэрхийлж байх билээ. Улмаар, Дилов хутагт Жамсранжавын дурсснаар бол Автономийн үед зөвхөн төрийн яамдад алба хашсан язгууртнуудад цалин өгөөд бусдыг нь орхисонд маш гомдож “Автономийг байгуулснаас яамны албан хаагч бус ноёдын цалин тасалдсан зэргээс… таарамжгүй” үлдэж автономийг устгахад харамсахааргүй болж дээ.
Богдоор удирдуулсан шарын шашны бүлэглэлийг зөвхөн эрх мэдэлд дурласан хуврагуудын нийтлэг байдлаар харах нь учир дутагдалтай. Тэдний ихэнх нь жирийн ардын дундаас хичээл зүтгэл, шашны боловсролынхоо чадвараар дэвшин өөдөө гарсан хүмүүс байлаа. Шашны зүтгэлтнүүд нь хувь заяаны буянаар язгууртны гэрт төрөөд эрхлэн ямбалж өссөн, өөрийгөө төрөлхийн дээд зиндааных гэж үнэмшсэн алтан ургийн салаа мөчрүүдээс эрс ялгаатай. Да лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзавын яамны бичээчээс эхлэн дэвшсэн бол Бадамдорж шанзав ч ядуу ардын гэр бүлээс өөрийн эрдэм чадлаар өндөрлөгт гарсан нэгэн аж. Язгууртны гэр бүлд төрөөд эрх танхи өссөн, удам угсаандаа найдан өсч өндийсөн ван, гүнгүүдийг бодвол ламын намынхан өөрөө өөрийгөө хүмүүжүүлж босгосон учир бардамнах үндэстэй.
Ийнхүү Монголын “шашны нам” болон тусгаар тогтнолын хэрэгт оролцсон элит лам нар өөртөө нэн итгэлтэй төдийгүй, “эрхэндээ хатсан” алтан ургийнхнаас ч илүү Монголын оюун санааны удирдагчид болсон гэдэгтээ эргэлзэхгүй байсан бололтой. Анх шарын шашныг залахдаа, хаан ширээний төлөөх алтан ургийнхны дуусашгүй тэмцлийг цэглэх, улмаар нийт монгол үндэстний үнэт зүйлийн нийтлэг үүсгэхийг зорьж байсан гээд бодохоор тэднийг бас буруутгах аргагүй юм. Анхдугаар дүрийн Богд Өндөр гэгээнээс хойш наймдугаар Богдыг хүртэлх шашны тэргүүнүүд хаана, хэний гэрт төрснөөсөө үл хамааран Гадаад Монголын оюуны удирдагч байж ирсэн түүх ч тэднийг зоригжуулсан байх.
Түүнийгээ ажил хэргээр ч баталгаажуулж, зөвхөн хан нарт олддог байсан цолуудыг харц гаралтай лам нартаа олгох болов. Ван гүнгүүд буюу алтан ургийнхан багтдаг эгнээг лам нараар тэлж, Да лам Цэрэнчимэдэд Чин ван, Да лам Дашзэвэгт гүн цол гэхчлэнгээр эхэллээ.
Олон улсын хууль эрх зүй ба Орос-Японы нууц тохиролцооны талаар ямар ч ойлголтгүй, хоёр том хөрштэйгөө тусгаар тогтнолын хөзөр тоглох гээд харин ч өөрөө тэдний тэдний тоглоомын хөзөр болчихсон үед ламын талынхны хурц ухаан, логик дүгнэлтүүд онцгой ялгарч байв. 1911 оны сүүлчээр Оросын бодлого империализмын шинжтэй байгааг анх олж харж, яриа үүсгэсэн төдийгүй Хааны элчин Коростовичийн эгдүүг хөдөлгөсөн этгээд бол Да лам Цэрэнчимид байлаа. Тэрээр, Хаант Орос улс Гадаад ба Дотоод Монголыг нийлүүлэн Монгол Улс байгуулахын эсрэг төдийгүй, Халхыг ч дангаар нь тусгаар тогтнуулах сонирхолгүй болохыг анхлан олж харсан юм.
Улмаар, юмыг логикоор нь хөөж ойлгох гээд байдаг Да лам улс төрийн тавцангаас зайлуулагдан баруун хязгаарт томилолтоор явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Энэ явдал, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг татан буулгаж, Хятадын автономи болгосон 1915 оны “Гурван этгээдийн гэрээ”-ний өмнөхөн болжээ. Лам нарын төлөөлөл болох Да лам Дашжав ч “Гурван этгээдийн гэрээ”-нд Монголын талыг тэргүүлэн оролцож эхэлсэн боловч Орос-Хятадын ашиг сонирхлын нэгдлийг хэтэрхий анзаарч байснаас болоод эргүүлэн татагджээ.
Хаант Оросын дипломатчид ч гэсэн ухаалаг хэрсүү лам нартай зууралдахын оронд арай гэнэн цайлган ван гүнгүүдтэй харилцахыг дээрд тооцсон бололтой. Энэ талаарх тайлангаа консул Любагаас Гадаад яамандаа илгээхдээ: “Миний бие засаг төрийн төвд ард иргэдэд ойр байгаа Халхын ван гүнг тавимаар байна гэсэн манай улсын Засгийн газрын хүсэл эрмэлзлийг хутагтад уламжилж, хутагт нь түүнийг зөвшөөрснөө илэрхийлэв”iv.
Эрмэлзээд зогсохгүй ламын талын төлөөлөл оролцсон бол цаашдаа яриа хэлцээ хийхгүй гэдгээ ойлгуулах болжээ. Японы эрдэмтэн Тачибана Макатогийн үзснээр: Монголчуудтай шууд хэлэлцээнд орохын өмнө Да ламын оронд “Оросын итгэл найдварыг хүлээх ван гүн бэлтгэж” хэлэлцээрийг үр ашигтай явуулах бэлтгэлийг хангаж байсан хэмээн таамаглагдахаар байна”v.
Сүүлдээ лам нар ба ван гүнгүүдийн энэ ялгарал нь Монголын хамгийн сул цэг болохыг хол ойргүй анзаарсан бололтой. Хятадууд төдийгүй Нармай Монголыг байгуулагсад хүртэл энэ зөрчил ялгаан дээр тоглолт хийхийг санаархах аж. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чэнь И-гээс төвдөө явуулсан мэдээлэлд “Семеновчууд хар, шар феодалуудын дотоод зөрчлийг ашиглан Богд гэгээнийг түлхэн унагаад засгийн эрхийг ван гүнгүүдэд шилжүүлэх өгөх санаа”vi-тай байгааг дурдсан байдаг.
Чэнь И энэхүү зөрчлийг илүү тодорхойгоор тайлбарласан цахилгааныг ДУИ-ын 8 дугаар оны наймдугаар сарын 14-нд Бээжинд илгээсэн байдаг.
Урьд Чин гүрний үед ван гүнгүүд төрийн хэргээ, лам нар шашны хэргээ хамаарч, тэдний зааг ялгаа тодорхой байв. Гадаад Монгол автономи эрхтэй болсноос хойш Богд хааныг тэргүүнээрээ залж, шарынхан түшмэл болж төрд зүтгэх болжээ. Богд ухаалаг сэтгэлгээтэй ч нас дээр гарч, хараагүй болсон тул төрийн хэрэгт тэр бүр оролцоод байдаггүй. Иймээс шарынхан эрх мэдлийг гартаа авч, шавийн эрх ашгийг хамгаалах болов. Энэ зөрчил хурцадвал, дөрвөн аймаг ба шавьд тэгш бус байдал үүснэ.
Засгийн зардлыг {Халх} дөрвөн аймгаас гадна, хошуудаас татдаг. Гэтэл лам нар Богдын ордны зардал, мод зэргийг л гаргадаг бөгөөд үүнд засгаас хяналт тавьдаггүй. Гэтэл шавийн яамнаас {Халх} дөрвөн аймагт зардал гаргах тушаал буулгадаг. Ойрмогхон хааны ордны хашааг засахад 100 гаруй мянган зоос гаргасан боловч засварын ажил дуусаагүй байгаад ван гүнгүүд маш их хилэгнэж сууна” vii.
Шарын талынхан ч өөрсдийгөө бэхжүүлэхэд хэтэрхий анхаарч ирсэн нь Монголын төрийг удирдах ангийн дотор үүссэн ангалыг уламж өргөсгөжээ. Тэд татвар төлөгч энгийн ардууд, тайж нараас ялангуяа чинээлэг баян этгээдүүдийг хэтэрхий олноор нь, бүр дургүй хүрмээр ихээр нь шавьд элсүүлэн авчээ. Жирийн ардуудын хувьд харьцангуй хүнлэг ханддаг лам эзний дор амьдрах, бас татвараас чөлөөтэй аж төрөх, улмаар хувийн хөрөнгө 50 богоос бага бол тэтгэлэгт хамрагддаг байдал нь маш чухал байв. Ийм хэдэн шалтгаанаар шавийн хүрээ томорчээ.
Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайнноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.
Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн”viii. Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна.
Засгийн газрын бүтцийг өөрчилж Бүгд ерөнхийлөн захирах Яам байгуулж Ерөнхий сайд нь түүнийг тэргүүлэхээр болжээ. Гадна талаас нь харвал гүйцэтгэх засаглалын эрхийг алтан ургийнханд найр тавьсан мэт харагдавч хэрэг дээрээ огт өөр шийдлийг Богдын намынхан гаргасан байна.
“…Бүгд ерөнхийлөн шийтгэх яамтай бараг нэгэн зэрэг, өөрөөр хэлбэл Олноо өргөгдсний хоёрдугаар оны намрын сүүл сарын 10-н буюу ерөнхийлэн захирах сайд Т.Намнансүрэн тамгаа нээн хэрэглэхээс нэг хоногийн өмнө Шашин төрд туслах сайдын Яамыг байгуулж, уг сайдын албан тушаалд Эрдэнэ шанзудба Бадамдоржийг томилуулах тухай зарлиг гаргуулан улмаар Олноо өргөгдсний хоёрдугаар оны намрын сүүл сарын 24 буюу 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Шашин төрд туслах сайдын тамгыг нээн хэрэглүүлсэн байна” ix
Яамын үүрэг, функцийг “шашин төрийн хэрэгт чухам эрхэмлэн айлгаваас зохихуйг шууд айлтгаж явах”x хэмээн тодорхойлсон нь шашны хэрэгт ч оролцож болох, бас төрийн асуудалд ч үзэмжээрээ хутгалдан орох боломж нээсэн ажгуу. Монголын улс төрийн амьдралд Шанзав Бадамдорж ийнхүү ил тод эргэн ирэв. Тэрээр өөрийгээ бүтээн босгосон элит ангийн төлөөлөл гэж ойлгодог, тэр хэрээрээ үүргээ ухамсарласан нэгэн. Энэ байдлаараа ван гүн нарт дээрэлхэнгүй хардаг, тэднийг үйл ажиллагааг аль болох хязгаарлахыг эрмэлзэж ирсэн бололтой. Түүнийхээр бол шавийг бэхжүүлэх замаар алтан ургийнхыг төрөөс аажмаар шахах, үгүйдээ л сүр хүчийг бууруулан нэрийн төдий байдалтай болгох явдал байсан болов уу?xi
Гэвч суурь боловсрол багатай, эрх ямбандаа цатгалдсан, бодит байдлаасаа хэтийдсэн амбицтай хар феодалуудыг хазаарлах түүний оролдлого санаснаас нь өөр үр дүнд хүрсэн байна. Улмаар, ван гүнгүүдийн намыг сөргүүлэн шавийг бэхжүүлэх бодлого нь наад захын шударга ёсыг эвдэхдээ тулжээ. Хожмоо, ард түмний дайсан гэж хэлэгдэх муу нэрийг тэрээр анхлан ноёдын дундаас олсон бололтой.
Бадамдоржийн тэргүүлсэн Шашин төрд туслах яам нь нэг талаасаа засгийн газрын өдөр тутмын ажилд хутгалдан орохгүй, гагцхүү элдэв төрлийн санал гомдлыг хаанд мэдүүлдэг төдий газар мэт. Магадгүй, энэ талаас нь алтан ургийнханд тайлбарлан ойлгуулсан байх талтай. Харин нөгөө талаасаа харвал Засгийн газар, Ерөнхий сайдаасаа ч давсан бүтэц зохион байгуулалт мэт. Шашин төрд туслах яам нь өөрийн санал, дэвшүүлсэн саналыг Засгийн газраараа хэлэлцүүлэхийн оронд шууд Хаанд айлтган шийдвэр гаргуулах онцгой эрхтэй тул ямар ч асуудлыг Ерөнхий сайдыг алгасан шийдвэрлүүлээд явж байх төрийн хянан шалгах аппарат байсан бололтой.
Шашин төрд туслах яамны санаачилгаар Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайдыг түр хамаарагч Сэцэн хан Навааннэрэн, Гадаад яамны сайд Чин ван Ханддорж нарыг шийтгэн цалинг хасч, Дотоод яамны дэд сайд Гомбосүрэнг ажлаас нь халж байжээ. Ийм учраас яалт ч үгүй Улсын хамгийн том хүн нь Бадамдорж болоод түүний яам нь Засгийн газар дахь ноёдын үйл ажиллагааг хянахад чиглэж байсан”xii бололтой.
Ёс төдий засгийн эрхийг барьж байгаа алтан ургийнхныг бүүр ч гомдоомоор байдал цаашаа үргэлжилжээ. Ламын намынхан ШТТ Яамаараа дамжуулан алтан ургийн хан нарыг дур үзэмжээрээ шийтгэх болсон төдийгүй өөрсдийгөө хамгаалсан дархлаа тогтоож эхлэв.
Намнансүрэн, Ханддорж нараас эхлээд алтан ургийн олон зүтгэлтнүүд улс үндэстнийхээ язгуур эх ашгийг тэргүүнд тавьж, хувийн гомдол, “анги намын эрх ашиг”-ийг хойш тавин зүтгэж явсан байдаг. Гэхдээ хааны намынхан буюу Хутагтын талынхан “ялсан намын сүр хүч”-нд хэтэрхий эрдэж явсан нь тэртэй тэргүй дэлхийн шинэ хуваагдал, Орос-Япон, Орос-Хятадын тохиролцооноос хамааран автономи болон буурч, сүүлдээ устгагдсан тусгаар тогтнолоо нэрмэлцсэн байх талтай юм.