Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр тохиож байна

Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явуулсан түүхэн өдөр тохиож байна. БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-нд явагдаж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487.285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь оролцон, бүгд тусгаар тогтнох эрмэлзлээ баталжээ.

Ялтын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн шатны үйл ажиллагаа болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн гол асуудлын нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх явдал байж, талууд удаан зөрөлдсөний эцэст “…Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэсэн нотыг 1945 оны наймдугаар сарын 14-нд солилцжээ.

Япон улс дайнд ялагдсанаа хүлээн бууж өгсний дараа 1945 оны есдүгээр сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг батлан, 85-р хурлаас санал хураалтыг явуулах зааврыг гаргав. Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаж явуулж байсан тухай мэдээлэл архивт байна. Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан арваннэгдүгээр сарын 10-нд ЗСБНХУ, ДИУ-ын Засгийн газарт илгээжээ.

ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа жаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын 3,5,8-р хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг ажигласан. Санал хураалтын дараа Ли Фа жан“Үнэн” сонины сурвалжлагч Ц.Дамдинсүрэнтэй ярилцаж, арваннэгдүгээр сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ. 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргав. Санал хураах Төв комиссын орлогч дарга Ч. Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны хоёдугаар сарын 8-нд Чунчинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны хоёрдугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *