Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын талбайд МАХН-ын дэмжигчдийн суулт тав дахь өдрөө үргэлжилж байна

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэвшүүлэх боломжгүй гэж СЕХ-ноос мэдээлсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн МАХН-ын дэмжигч ахмадууд Тусгаар тогтнолын талбайд тав дахь өдрөө майхан барин хонон өнжин суулт хийж байна. Нийтдээ 40 гаруй хүн энэ суултанд оролцож байгаа аж. Цагдаа, эргүүлийнхэн хөөж туухгүй байгаа ч шөнө оройгүй байнга эргүүл хийж байгаа талаар өндөр настнууд ярьж байлаа. Тэд өөрсдийн сайн дураар, хэний ч шахалт дарамтгүйгээр энэхүү үйл ажиллагааг явуулж буйгаа онцолсон юм.

Сүхбаатар дүүргийн өндөр настан Б.Бат-Эрдэнэ: Энд 40-өөд эмээ, өвөө нар үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйн төлөө, өөрсдийн хүсэлтээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр ирж тэмцэж байна. Одоо энд майхан бариад тав хонолоо. Уг нь бол М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарын гурван хүн сонгуульд нэрээ дэвшүүлж байхад нэгийг нь сугалж үлдээж байна. Бидний гол зорилго бол хэн гарах нь чухал биш. Гурвуулаа цуг нэр дэвшээд шударгаар өрсөлдөөсэй л гэж хүсч байна. Н.Энхбаярыг оймсыг нь гозолзуулаад авч явсан цагаас л бидний дургүй хүрч, тэмцэл эхэлсэн. Тэр хүн энэ сонгуульд оролцоод өшөө хорсол авах бодол ерөөсөө байхгүй. Өмнө нь хэрэгжүүлээгүй ажлаа гүйцээе л гэж бодож байгаа. Бид үхэхээсээ өмнө үр хүүхдээ ямар ч өргүй л үлдээмээр байна. Тийм учраас л тэмцэж байна. Би урьд нь Эрчим хүчинд 30-аад жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Социализмын үеийг бид дамжаад ирсэн. Улс төрийн товчооны есөн гишүүн, хоёр орлогч дарга Монгол Улсыг бүрэн аваад явж байсан. Одоо гэтэл 76 гишүүн авч явж чадахгүй байна.

Манай нам яг одоо хуралдаж байна. Хуульч С.Нарангэрэл, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар гурван хүнийг дэвшүүлэхээр яригдаж байгаа. С.Ганбаатарын хувьд манай намыг маш сайн дэмжин оролцож байгаа. Удахгүй 18-нд талбай дээр том жагсаал цуглаан зохион байгуулна. Манай намын дэмжигчид орон нутгаас бүгд оролцохоор ирнэ гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *