“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх, ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх саналуудыг ажлын хэсэг нэгтгэн, төсөлд тусгасан байна. Хуралдаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Санхүүгийн зохицуулах хорооны даргаС.Даваасүрэн болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр гишүүдийн асуусан асуултад хариулахдаа, Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах, санхүүгийн салбарыг дэмжиж, тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зэрэг маш тодорхой нарийн заалтуудыгтогтоолын төсөлд тусгасныг онцолж байсан.
Ингээд Байнгын хорооны саналаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийгбүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.