Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын тухай хуулийн инфографик, танилцуулгыг толилуулж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Чуулганы хуралдаанаар ЭЗБХ-ноос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалгав. Дараа нь тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр ирэх оны мөнгөний бодлого батлагдлаа. Үүнтэй холбогдуулж Монголбанкнаас одоо Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг товч танилцуулбал:
Мөнгөний бодлого нь эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1. Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулна.
1.2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3. Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.4. Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгоно.
2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалын цар хүрээг өргөжүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.2. Банкны салбарт итгэх итгэлийг дээшлүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
3. Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1. Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн, шинээр батлагдсан болон шинэчлэн найруулсан, нэмэлт, өөрчлөлт орсон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулна.
3.2. Үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгоно.
3.3. Олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
3.4. Мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхэлнэ гэжээ.