Categories
мэдээ нийгэм

Төрөх байгууллагаас регистрийн дугаар олгодог болно

Өнөөдөр Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт” өнөөдөр эхэллээ. Тус сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж буй юм.

Энэхүү сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд оролцож байгаа билээ.

“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлийг бий болгож, үндэсний Дата төвд аюулгүй байдлыг ханган байршуулах аж. Мөн эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформ байгуулж, салбарын цахим мэдээллийн шинэ тогтолцоо байгуулах юм байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний регистрийн дугаар олгодог байсныг төрөх байгууллагаас шууд олгодог болохтой холбогдуулан энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж байгаа аж. Тус сургалт 3 үндсэн хэсгээс бүрдэж буй юм байна.

“Цахим эрүүл мэнд” төсөл: Шинээр боловсруулж, мөрдүүлэх Цахим эрүүл мэндийн стандарт, журмын танилцуулга хийж, Иргэний ЭМ-ийн цахим бүртгэлийн системийн клиникийн өгөгдлийн уялдааг тайлбарлаж, Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформын техникийн архитектурын шийдлийн талаар илтгэл тавина. Мөн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг ялган таних журам”-ын төслийг танилцуулж, оролцогчдын санал зөвлөмжийг авах аж.

УБЕГ-аас “Нэг иргэн-Нэг бүртгэл” Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, “Төрөлт, нас баралтыг цахимаар бүртгэх системийн тухай”, “Төрөлтийн бүртгэлийн шинжилгээ”, ЭМД-ын цахим бүртгэлийн шинэ тогтолцоо, Өвчтөн шилжүүлэх журам зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн анхан шатны бүртгэлийн болон тайлангийн маягтын өөрчлөлтүүд, амбулаторид болон хэвтэн эмчлүүлэх тасагт хөтлөгдөх шинэчлэгдсэн анхан шатны маягтын танилцуулгын хэлэлцүүлэг хийх болно.

Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 330 гаруй сумын эрүүл мэндийн төв, 240 гаруй өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 4 компьютерээр хангаж, тус бүр гурван хүнийг компьютерийн анхан шатны болон ахисан түвшний сургалтад хамруулж, эрүүл мэндийн цахим бүртгэлийн шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд энэ сургалтын ач холбогдол орших аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *