Турк улсад үүссэн эмх замбараагүй байдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тэрээр “Турк улсын ардчилалд хар толбо үлдээсэн үйл явдал боллоо. Ард түмний хүсэл зоригийг нухчин дарах гэсэн оролдлого хэдий ч ард түмэн зоригтойгоор нэгдэж эмх замбараагүй байдлыг таслан зогсоож чадлаа” хэмээв. Элчин сайд Мурат Карагөзийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн 3000 орчим цэргийн албан хаагчийг баривчлан саатуулсан байна. Мөн уг халдлагын үеэр энгийн иргэд оролцсон 160 хүн амь насаа алдаж, 1400 орчим иргэн шархадсан байна. Түүнчлэн улс төрийн нэр бүхий албан тушаалтнуудыг барьцаалсан байсныг суллаад байна гэсэн юм.