Аюулгүй байдлыг хангахын тулд Сиритэй залгаа хилийн дагуу Туркийн армийнхан 3.6 м өндөр бетонон хана барьж байна.
Туркийн цэргүүд Суруч, Шанлыурфа болон Каркамыш, Газиантеп хотуудын хооронд Турк-Сирийн хилийн шугамын дагуу хана босгож байгаа ажээ.
Өргөст тор бүхий энэ хана нь хилийн аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэж албаны хүмүүс үзэж байна.
Мөн одоо явуулж буй цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд Туркийн арми Сиритэй залгаа хилийн дагуу цэргээ байрлуулжээ.
2011 оноос хойш иргэний дайнд нэрвэгдээд байгаа Сиритэй Турк улс нь 900 км газар нутгаар хиллэдэг юм.
“Лалын улс” босогчдын бүлэглэлийнхнийг устгахын тулд Сирийн хойд нутгийн хилийн Жараблус хотод АНУ тэргүүтэй эвслийн хүчнийхэн болон Туркийн арми хамтран өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн “Евфратын бамбай” гэдэг хил дамнасан цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ.