Categories
гадаад мэдээ

Турк, Сирийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 20 мянга давжээ DNN.mn

Даваа гаригт Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байгаа ч гамшгаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй хэвээр байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа боловч газар хөдөлснөөс хойш 100 орчим цагийн хугацаа өнгөрөөд байгаа тул хүмүүсийг аврах найдлага улам бүр багассаар байна.

Түүнчлэн тэсгим хүйтэн байгаа нь хорогдох байр, ундны ус, хоол хүнсгүй байгаа олон мянган хүний амь насанд аюул учруулж байна. Туркийн Ерөнхийлөгч газар хөдлөлтийг “зууны хамгийн том гамшиг” гэж тодорхойлжээ.

Дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагууд тусламж дэмжлэгээ илгээсээр байна. Пүрэв гарагт Дэлхийн банк Туркт суурь дэд бүтцийг сэргээн босгох, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 1.78 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч аврах албаны 100 мянга гаруй алба хаагчийн хүчин чармайлтад тээврийн хэрэгсэл хомс, зам эвдэрсэн зэрэг логистикийн олон саад бэрхшээл тулгарч байна.

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн учирсан хохирлын хэмжээ, тэр дундаа иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид тодорхойгүй хэвээр байгааг анхааруулсаар байна.

Пүрэв гарагт НҮБ-ын хүмүүнлэгийн анхны тусламж Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн Баб аль-Хава хилийн боомтоор нэвтэрсэн байна. Энэхүү боомт нь Сирийн Засгийн газрын хүчний хяналтад байгаа бүс нутгаар дамжин өнгөрөхгүйгээр НҮБ-ын тусламжийг тус бүс нутагт хүргэх цорын ганц зам юм.

А.Гутерриш цаашид илүү их тусламжийг үзүүлэхээ амлаад, олон боомтоор тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалжээ.

Газар хөдлөлтийн дараа Алеппо хот руу дүрвэсэн, дөрвөн хүүхдийн ээж Мунира Мухаммед “Reuters” агентлагт мэдээлэхдээ, “Өнгөрсөн шөнө бид даараад унтаж чадаагүй, халаагуур болон өөр бусад тусламж бидэнд нэн шаардлагатай байна” гэсэн байна.

“Сирийн баруун хойд нутагт ирсэн НҮБ-ын цорын ганц цуваанд нурангид дарагдсан хүмүүсийг аврахад шаардлагатай төхөөрөмжүүд байхгүй байсан” гэж “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлжээ.

Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээллээр, Туркт 17 134 хүн, Сирид 3162 хүн амиа алдсан байна. Туркт амиа алдсан хүний тоо тус улсын баруун хойд нутагт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн тоог /17 мянга/ давжээ. Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон олон арван мянган хүн түр хоргодох байранд дөрөв дэх шөнөө өнгөрүүлж байна.

Туркийн зүүн өмнөд нутгийн оршин суугч Ресат Гозлугийн ярьснаар, газар хөдөлснөөс хойш гурав хоног өнгөрөхөд аврагчид ирээгүй байсан бөгөөд олон хүн нурангид дарагдаж, осгож амиа алджээ. Тэрбээр одоо гэр бүлийнхээ хамтаар нэгэн спорт цогцолборт хорогдож байгаа аж. Цаашид байдал энэ хэвээрээ үргэлжилбэл хүнд өвчин хүрч болзошгүй байна гэж тэрбээр “BBC” телевизийн сурвалжлагчид ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк, Сирийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 болж нэмэгджээ DNN.mn

Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 орчим болж нэмэгджээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр 04:17 цагт хүмүүсийг унтаж байх үед Газиантеп хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн бүсэд 13:30 цагийн орчимд дахин 7,5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон юм.

Ойр ойрхон хүчтэй газар хөдлөлт болж байгаагаас иргэд гэртээ болон хоргодох байгууламжуудад орохоос айж гудамжинд байрлацгааж байна.

Гамшигт Турк улсад 2379 хүн амь үрэгдсэн бол Сири улсад 1444 хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдлээ. Нурангин доороос хүмүүсийг аврах ажил үргэлжилж буй учир энэ тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулжээ.

Түүнчлэн олон мянган хүн гэмтэл авч, бүс нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ. Аврагчид одоогоор 8000 орчим хүнийг нурангин доороос эсэн мэнд гаргаад байна.

Байгалийн гамшигт байшин барилга, гүүр ихээр нурж сүйдсэн тул олон газарт зам харилцаа нурангид даруулж боогдсон. Түүнчлэн бороо орж нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Дэлхийн улс орнууд Турк, Сирийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, яаралтай тусламж илгээхээ илэрхийлсээр байна.

Тухайлбал АНУ аврагчдын хоёр бүрэлдэхүүнийг Турк руу илгээхээр шийдвэрлэсэнг Туркт суугаа АНУ-ын элчин сайд Жефф Флейк мэдэгджээ.

Америкийн онцгой байдлын аврагчид, эрэлч нохой, эмч нараас бүрдэх хоёр тусгай багийн нэг нь 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар холбогдож аврах ажиллагаа болон гамшгийн дараах сэргээн босгох ажилд шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн Германы олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны гишүүд Турк руу нисэхээр Кельн-Бонн нисэх буудлаас хөөрөхөд бэлэн болжээ.

Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажилд оролцохоор Швейцарын аврагчид болон эрэлч ноход Цюрихийн нисэх буудлаас хөөрсөн байна.

Түүнчлэн Унгараас 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Будапештээс хөөрөхөөр бэлтгэлээ хангасан бол Грек улс мөн аврагчдаа илгээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *