Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийнх ч юм шиг, олон нийтийнх ч юм шиг “хамелеон” барилгууд

Өнөөдөр нийслэлд хамгийн их эрэлттэй байгаа нь сургууль, цэцэрлэг. Харин газар байхгүй гэсэн шалтгаанаар дээрх байгууллагуудыг барих боломжгүй гэж албаныхан улигласаар хуруугаа ч хөдөлгөлгүй өдий хүрлээ. Улсын хэмжээнд 50 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. НҮБ-ын судалгаагаар манай улсад цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс жил бүр 95 нь ямар нэг байдлаар эндэж амь насаа алдаж байна. Хотоор дүүрэн төрийн нэртэй барилга Богд уул мэт сүндэрлэж байдаг. Эдгээр барилгууд төрийн өмч мөн үү. Хэрэв биш бол хүн явах зайгүй болсон олон барилга хэний өмч вэ. Зөвхөн Чингисийн талбай тойрох барилгуудыг тоолоход сонин тоо харагдана. Талбайн хойморт нь Төрийн ордон, өмнө нь Ленин клуб нэртэй оросуудын мэдлийн байшин, баруун талд нь төв шуудан, Голомт банк, нийслэлийн Засаг даргын тамгын газар, МҮЭХ-ны байр, зүүн талд нь Соёлын төв өргөө, балгас болсон хэвлэх үйлдвэрийн барилга байх жишээтэй.

Эндээс харвал Монголын хамгийн үнэтэй газар Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бусад нь төрийн бус, өөр зориулалттай барилга байна. Бусад барилгууд нь гаднаас нь харахад Олон нийтийн байгууллагуудын өмч мэт харагдавч, нөгөө талаас тус байгууллагуудыг даргалж байгаа хэдэн хүний өмч мэт харагдана. Хэвлэх үйлдвэрийн газрыг зарчихвал баталгаатай гурван цэцэрлэгийн мөнгө босно. МҮЭХ-ны барилгыг зарвал түүнээс ч олон сургуулийн мөнгө босно. Өдөрт ганц сая төгрөгийн гүйлгээ хийдэг хөрөнгийн бирж байх хэрэгтэй гэж үү. Энэ бол зөвхөн Чингисийн талбайг тойрсон газруудыг тоймлосон хэрэг. Үүнтэй адил хүний өөрийн мэдэгдэхгүй олон барилгууд нийслэлд бий. Саяхан Лениний музейг төрийн өмч болохыг шүүх тогтоосон. МҮЭХ, МЗХ гэх мэт нүсэр хөрөнгөтэй, томоохон талбай эзэмшдэг газрууд бий.

Хэнийх нь тодорхойгүй энэ их хөрөнгийг төрийн эс­вэл хувийн эзэмшилд шилжүүлэх нь хууль эрх зүй, шударга ёсонд нийцнэ. Дээрх барилгуудын ихэнх нь түрээс хэлбэрээр ашиглагдаж байна. Тэр барилгуудаас хэр хэмжээний орлого ордог, хэн яаж зарцуулдаг тухай ямар ч мэдээлэл алга. Үнэн хэрэгтээ тус байгууллагуудыг толгойлж байгаа хэдэн хүний өмч болсон. МҮЭ-ийн соёлын төв, Багшийн, Барилгын хөгжлийн ордон гэх мэт төрийн яамнаас дутахгүй том барилгууд байдаг. Эдгээр барилгууд гаднаас харахад төрийн ба олон нийтийн өмч мэт. Дээрх барилгууд яаж эзэнтэй болсон нь бас сонирхолтой. Жишээлбэл МҮЭХ-ны байр нь коммунизмын үед улсын хөрөнгөөр баригдсан. Тэгвэл өнөөгийн МҮЭХ-нд хэн, яаж шилжүүлсэн гэдэг нь тодорхойгүй. МЗХ-ны барилга ч ялгаагүй яаж одоогийн хэдэн залууст очсон нь маргаантай. Төр улс төрийн ямар нэгэн ашиг хонжоо хайхгүйгээр өдөр бүр гэртээ шатаж, хятад тогоонд шалзарч байгаа хүүхдүүдээ бодвол төсвийн хөрөнгөөр баригдсан бүх барилгыг дуудлага худалдаанд оруулах ёстой.

Нийслэлд иймэрхүү байдлаар хэн нэгэн нь эзэн суусан 200 шахам барилга байдаг хэмээн албан бус эх сурвалжид дурджээ. Хэрэв энэ нь үнэн бол цэцэрлэг сургуулийн асуудлыг нэг мөр шийдэх хөрөнгө бэлэн байна гэсэн үг. Дээр нь алдагдалтай ажиллаж байгаа улсын үйлд­вэрийн барилгуудыг хувь­чилж болно. Улсын нэртэй үйлдвэрүүд гаднаас харахад улсын нэртэй ч, үнэн хэрэг­тээ даргалж байгаа хувь хүмүүсийн л орлого болж байдаг. Энэ нь эдгээр өмчийг нэг харахад олон нийтийн ч юм шиг бас төрийнх ч юм шиг олон өнгөөр хувиран хамелеон нэртэй амьтантай адилхан харагдуулж байна.

Саяхан нийслэлийн удирд­лага Гэрлэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төвийг хувьчлах шийдвэр гаргасан. Гэвч дунд гарын хэдэн улстөрчдийн эсэргүүцлээс болж шийдвэрээ цуцалсан. Гэр хороололд ажил хийх боломжгүй хүүхдээ харж байгаа эх, хэдэн км-ийн цаанаас сургуульдаа алхаж ирдэг хүүхдийн эцэг эхээс “Гэрлэх ёслолын ордон, усан бассейн хэрэгтэй юу, сургууль, цэцэрлэг хэрэгтэй юу“ гэж асуусан бол хариулт нь тодорхой. Өнөөдөр 20 минутанд сая төгрөг төлж зургаа авахуулдаг гэрлэх ёслолын ордон, цагт зургаан мянган төгрөг төлж сэлдэг бассейн нийслэлийн хэдэн иргэнд хэрэгтэй вэ. Эдгээр барилгууд хувьд байсан бол нийслэлээс засварын мөнгө нэхэх биш татвар төлөгч болж хувирна. Тэдний олж байгаа их ашиг гээд байгаа мөнгөний хэмжээ нь тухайн барилгуудаас арав дахин бага барилгаас хувийнхан олчихдог мөнгө юм. Өнөөдөр усан бассейныг яаралтай засварлахад гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Энэ мөнгө нийслэлд байхгүй. Хэрэв засвар хийгээгүйгээс болж ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах нь тодорхойгүй. Манай гэрлэх ёслолын ордон Азид байхгүй том гэсэн ядмагхан сурталчилгаа байдаг. Азийн барууд ядуудаа, эсвэл гэр бүлийг үл хэндэтгэдэгтээ гэрлэх ёслолын ордонгүй байгаа юм биш. Гэр оронтой амьтад гэрлэж байгаа бол гал голомтондоо л ёслолоо үйлдэх ёстой гэж үздэг. Тийм учраас гэрлэх ёслолын ордон барьдаггүй. Томоохон ёслол үйлдэх хэрэгтэй гэж үзвэл гэрлэх ёслолын ордноос гоё хэдэн арван барилга нийслэлд хангалттай бий. Бас шүтдэг шашных нь сүм, хийд бий.

Эндээс харвал хэдхэн албан хаагчийн амин зуулга болсон олон тооны томоохон барилгууд төрийн нэртэй авлигын үүр болоод хэвтэж байна. Барилга угсралт2010 онд хагас тэрбум төгрөг байсан бол 2013 онд хоёр их наяд шахам тэрбум болж өсчээ. Гуравхан жилд дөрөв дахин тэлсэн барилгын зах зээл цаашид ч эрэлт нь нэмэгдэх нь тодорхой. Нийслэлчүүдийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа гэж үзвэл нийт гэр хорооллын 30 хувьд гурван давхар барилга барьчихвал 70 хувь нь чөлөөлөгдөнө. Суларсан талбай дээр шинээр хороолол барих боломж бүрдэнэ. Мэдээж энэ бүхнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг зөвхөн дээр дурдсан хамелеон барилгуудыг борлуулах замаар босгож болно.

Дээрх жишээ бол төрийн нэрээр хийж байгаа хувийн бизнесийн жижиг хэлбэр. Тэгвэл түүнээс том бизнес байдаг гэнэ. Нийслэлд байр­ла­даг хамгийн том IV цахилгаан станц хувьцаат компани нэртэй. Хувьцааны 41 хувийг ТЭХЯ, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг. Төрийн өмчийг хувьцаалаад төрийн бай­гуулла­гууд нь эзэмшдэг ийм тогтолцоо манайхаас өөр газар байх­гүй. Энэ байгууллага 70 гаруй га талбай бүхий 74 барилга байгууламжтай. Энэ их хөрөнгө хувьд байсан бол цахилгааны үнэ нэмэгдэхгүй. Харин ч буурах магадлал өндөр.

Түшмэдүүд эндээс яаж мөнгө саахаа маш сайн төлөвлөж, зохион байгуулсан байдаг. Эхний ээлжинд тө­рийн нэр зүүнэ. Улмаар сайдын мэдэлд байлгана. Энэ нь аливаа буруу үйл­дэл хийхэд улс төрийн хамгаалалт болно. Улмаар хувьцаат компани болгож аж ахуйн үйл ажиллагааг бие даасан байдлаар явуулах эрх олгоно. Одоо төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ өөрийн төлөөллөө чихээд л юу дуртайгаа хийх эрхтэй болно. ТУЗ-ийн гишүүдийн ихэнх нь хувьцаа эзэмшигч байгууллагын түшмэдүүд. Тэдний үүрэг нь хэдэн сая төгрөгийн урамшуулал хүртэж, хэдэн тэрбум төгрөгийн ба­рааг байгууллагадаа шахах. Тэд сайдын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хэмнэх, гамнах, зах зээлд өрсөлдөх тухай ямар ч ойлголт тэдэнд байхгүй. Гаргасан жаахан цахилгаанаа үнэд оруулахаас өөр чадвар байхгүй. Хэрэв энэ байгууллага нийслэлийн харьяа байсан бол цахилгааны үнэ өсөх нь бүү хэл гуу жалгыг сүвлэсэн том сүлжээ болж, хэрэглэгч олширч, үнэ буурна. Эдгээр цахилгаан станцын хэрэглэгчдийн 70 хувь нь нийслэлчүүд. Үнэ нэмсэн тохиол­долд хэрэглэгчид маргааш нь л нийслэлийн Засаг даргыг огцруулна. Харин цахилгаан станцын даргыг томилсон сайдыг бол сөрөг хүчин ч огцруулж чадахгүй.

Энэ гаж тогтолцоо арай өөр хэлбэрээр хэрэгждэг олон жишээ байдаг. Сүүлийн жилүүдэд аль нэг сургууль, эмнэлгийн даргыг өөрчлөх нь сайдыг огцруулахаас хэцүү болсон. Эмч, багш, нар дарга, захирлаа томилох гэж улайрна. Зөвхөн ажлаа хийгээд, цалингаа аваад явж байдаг бол тэдэнд дарга нь хэн байх нь хамаагүй баймаар. Гэтэл дарга хэн байхаас шалтгаалж орлого ялгаатай учраас л тэд дарга хэн байхад санаа тавьдаг. Сайд нь ганц эмнэлгийн даргыг шийдэж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Энэ нь төрийн нэртэй эмнэлэг, сургууль хэдэн багш, эмч нарын өмч болсон мэт харагдана. Нэр нь бол төрийнх, нидэр дээрээ тэнд ажиллаж байгаа хэдэн хүний өмч болсны хамгийн тод жишээ энэ юм.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *