УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Өнөөдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо байнгын хороо баталдаг. Тиймээс маягтын загварыг УИХ баталдаг болох хэрэгтэй. Одоогийн маягт дээр эхнэр нөхөр, гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгийг мэдүүлдэг. Шинэ маягт дээр насанд хүрч тусдаа гарсан хүүхдүүд хөрөнгөө мэдүүлдэг байхаар тусгах боломжтой” гэсэн горимын санал гаргав. Түүний саналыг олонх дэмжиж хуулийн төсөлд тусгахаар боллоо.
Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүл, үр хүүхэд оффшор бүсэд данс нээх, мөнгө байршуулах, компани байгуулахыг хориглох тухай” горимын санал гаргаж, дэмжигдэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоогийн байгаа хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Одоо бол тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм. Хэзээ байхдаа өөрийнхөө нэр данс нээлгээд явж байх юм. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй” гэлээ.