Categories
мэдээ улс-төр

Төрийн өндөр албан тушаалтан гадаад улсад данс эзэмшихийг хориглох хуулийн төслийг хэлэлцлээ

Холбоотой ЗурагЗасгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хууль байнгын хороо болон УИХ-аар хэлэлцүүлэгдэх явцад УИХ-ын гишүүдээс хэд, хэдэн тодорхой шүүмжлэлүүдийг гарсан байна. Тухайлбал, оффшорын эсрэг хууль гэж шууд нэрлэх, энэ харилцааг бие даасан хуулиар зохицуул гэдэг саналыг нэр бүхий гишүүд гаргасан байна. УИХ-ын Тамгын газраас судалгаа хийхэд 200 орчим төрт улсуудын хууль эрхзүйн тогтолцоонд оффшор гэсэн нэр бүхий хууль батласан улс орон байдаггүй аж.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Оффшорт данс эзэмшиж байгаа улстөрчдийн үйлдлийг хориглон хязгаарлахын тулд Франц улс 2010 онд Ил тодын тухай хуулийг батлан гаргасан. Саяхан Германы парламент Нийтийн албаныхан гадаад улсад данс эзэмшихийг хориглох хуулийн төслөө өргөн барьсан. Оффшор гэдэг нэр томьёо нийгэм, улс төрийн хэллэгт 1950-иад оны үеэс олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа боловч хууль тогтоомжид оффшор гэдэг үгийг хэрэглэдэг улс орон байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр бус бие даасан хуулиар зохицуулах нь манай эрхзүйн зарчимд нийцэхгүй гэж үзсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй нэг төрлийн харилцааг хоёр гурван төрлийн тусдаа хуулиар зохицуулах нь эрхзүйн хийдлийг үүсгэх магадлал өндөртэй. Мөн нэр бүхий гишүүд, нийгмийн зүтгэлтнүүдээс гаргаж байгаа саналуудын нэг нь гэр бүл төрөл төрөгсөд, ах дүүсийг бүхэлд нь данс эзэмшихийг тусгайлан хуульчилан хоригло гэдэг шаардлага тавьж байгаа” гэсэн юм.

Мөн оффшортой холбоотой харилцаан дээр уучлал үзүүлэх замаар гадаадад хадгалагдаж байгаа мөнгийг Монгол Улсад орж ирэх боломжийг хангах тухай асуудал хөндөгдсөн байна.

Тухайлбал 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаад гадаад улсад эзэмшиж байгаа дансаа оруулж ир, бид тайлбар шаардахгүйгээр эх орондоо оруулж ирсэн хөрөнгийг чинь хураахгүйгээр уучлал үзүүлье гэдгээ зарласан. Манай улсын хувьд 2015 онд Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар 33 орчим их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон гэдэг мэдээллийг татварын байгууллагаас өгсөн байна.

Гэвч хоёр жилийн давтамжтай хууль бус үйлдлийг өршөөж уучлах нь хэр зохистой вэ гэдэг асуудлыг хөндөгдөж байгаа аж.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол төрд зүтгэж л байгаа бол, зүтгэе гэж тангараг өргөсөн хүн бүр гадаад аль нэг улс оронд данс эзэмших, өөрөө биечлэн бизнес хийх энэ эрхээсээ татгалзаж, төрийн төлөө хоёргүй зүтгэх ёстой гэдэг хуулийн хязгаарлалт хориглолтыг оруулж хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байна” гэсэн юм.

Хуульзүй, Дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга н.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

“Оффшор” гэдэг үг нь эргийн гадна, гадаад улс, хилийн гадна гэх янз бүрийн утгаар хэрэглэгддэг байна. Харин энэ хуулийн төсөлд оффшор гэдэг үг хэрэглэгдэхгүй бөгөөд гадаад улс гэсэн нэр томьёогоор бичигджээ. Оффшорыг бизнесийн орчинд ерөнхийд нь олон улсад хүлээн зөвшөөрдөг. Гэвч оффшорын хамгийн сөрөг үзэгдэл нь хууль бусаар олсон орлогоо нуух, гэмт хэрэг хийж олсон орлогоо далдлах зэрэг асуудал зэрэг сөрөг туршлагууд олон улсын хэмжээнд байдаг. Үүнийг хуулиар зохицуулдаг байна.

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн зорилго нь Төрийн албан тушаалтан буюу ХОМ өгдөг этгээд гадаад улсад данс нээх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулах асуудлыг хориглох юм. Харин тусгай зохицуулалт буюу гадаад улсад тодорхой хугацаанд суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, Монгол Улсаас гадаад улсад сууж байгаа элчин сайдын яам, консулын газарт албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн хуулийн зохицуулалтаас ангид байх ёстой гэж хуулинд заасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *