Сүүлийн үед хэвлэл мэдээллийн амыг барьж, эрх чөлөөнд нь халдахыг санаархсан хууль өргөн барихаар яригдаж байгаа. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд өөрчлөлт оруулж Хэвлэлийн зөвлөл гэсэн бие даасан байгууллага ажиллуулах юм байх. Хэвлэлийн зөвлөл нь бусдын нэр алдрыг гутаан доромжилсонтой холбоотой бүх гомдлыг шийдвэрлэж, тухайн редакци, болон хэвлэн нийтлэгчээс уг алдаагаа засахыг шаардах аж. Хэвлэн нийтлэгч хэнбугай ч болов Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой. Хэрэв шийдвэрийг биелүүлэхгүй, эсэргүүцсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу тав хүртэлх жил ял эдлэх, эсвэл 80 хүртэлх сая төгрөгийн торгууль төлөх юм. Дээрээс нь хэвлэл мэдээллийн энэ байгууллагаа төсвөөс цалинжуулах тухай яригдаж байна. Ингэхлээр хуучин социализмын үед байсан хэвлэл мэдээллийг хянах төрийн байгууллагаас ямар ч ялгаагүй байгууллага бий болно.
Өргөн баригдаагүй зөвхөн санал авах түвшинд явж буй эл хууль яригдаж эхэлсэн дариудаа л олны шүүмжлэлд өртсөн. Хуучин хэвлэлийн эрх чөлөөнд халдах гэсэн хуулийн төсөл зэргийн эсрэг зөвхөн хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө зогсдог байв. Учир начрыг нь нийтэд тайлбарлаж, олны анхааралд оруулах нь зөвхөн энэ салбарынхны л хийдэг ажил байсан. Бусад хүмүүс тэр бүр хэвлэлийн эрх чөлөө ямар чухлыг ойлгодоггүй, ойшоож анхаардаггүй байсан хэрэг. Харин өнөөдөр бүх зүйл өөрчлөгджээ. Дээрх хуулийг нийгэм даяараа шүүмжилж, хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь өнөөдөр ухаалаг утас ашигладаг хэн бүхэн цахим сүлжээнд нэгдэж, твиттер, фэйсбүүк, инстаграм ашигладаг болсон. Тэд бүгд фото сурвалжлагч, шүүмжлэгч болж, хэвлэн нийтлэгч гэх нэр томьёонд хамаарч байгаа. Тиймдээ ч тэд хэвлэлийн эрх чөлөө гээч ямар үнэ цэнэтэй зүйл болохыг, энэ хуулиар өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөх гээд байна вэ гэдгийг сайн мэдэж байна. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөд маш анхааралтай, хянуур хандаж байгаа. Анхаарахаас ч аргагүй эд. Цахим хаягтаа үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө юу юугүй барьж хориод, хэдэн арван сая төгрөгөөр торгоод эхэлбэл юу болох билээ. Тэгэхлээр энэ хууль ухаалаг утастай хоёр сая монголчуудын эрх ашигт харшилж мэдэх хууль юм. Түрүүчээсээ ч жиргэснийхээ төлөө нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө байцаагдаад, шүүгдээд, торгуулаад эхэлсэн.
Мэдээлэл гэдэг өөрөө хүч. Мэдээллийг саармагжуулж, хүчгүй болговол дарангуйллын нийгэм үүсдэг гэдгийг дундаас дээш насныхан бүгд мэднэ. Юм нуугаад, халхлаад эхлэхээрээ л балардаг, бурууддаг. Энэ удаагийн хуулийн өөрчлөлт өнөөх л төрийн хараа хяналтыг урьтал болгодог хуучин нийгмийн үнэр үнэртүүлж, өмнөх үе рүүгээ алхахыг завдаж байгаа нь харамсалтай. Бид ардчилсан нийгмээсээ ухрах ёсгүй юм. Үеийн үед ардчиллаа улам төгөлдөржүүлж, бэхжүүлж байх ёстой. Ардчилсан нийгэм бол Монголын тусгаар тогтнолын баталгаа мөнөөс мөн. Харин ардчилсан нийгмийн баталгаа нь хэвлэл мэдээлэл юм.
Харин хэвлэл мэдээллийг төрөөс хянадаг болно гэж ярьж байгаа нь ардчилсан нийгэмд өсөж торниж, үр шимийг нь хүртэн төрийн өндөрлөгт гарсан эрхмүүдийн хийх зүйл яав ч биш. Тэд Хэвлэл мэдээллийн зөвлөл нь улс төр, төрийн байгууллагын албан тушаалтнаас хараат бус, ангид байна гэж итгэл дүүрэн хэлж байгаа л даа. Цаад санаагаа нуун гоё сайхан үгээр халхавчиллаа ч цалин мөнгийг нь олгож л байгаа бол тэр төрийн бүрэн хараат байгууллага мөн. Мөнгөө өгч байж л хөгжмөө захиалдаг биш билүү. Цалингаар тогтохгүй дарга, цэргийг нь ч төр мэдэж томилж байгаа хойно төрийн хараат бус байгууллага байна гэдэг ёстой үлгэр.
Дахин онцолъё. Хэвлэл мэдээлэл ардчилсан байх ёстой. Гоё нэр, тайлбараар халхалсан институциар хэвлэлийг цензурдаж болохгүй. Хууль санаачлагчид цензурдахыг хичээж байгаа нь туйлын буруу байна. Энэ хуулийн гол зорилт нь өндөр албан тушаалтнууд өөрсдийгөө хэл амнаас холуур байлгах гэсэн л башир арга. Тэд элдэв хэл аманд өртсөндөө гоморхсондоо л ийм үйлдэл хийж буй. “Ард түмний төлөө чөмгөө дундартал, цагаан махаа эргэтэл зүтгээд байхад мууллаа” гэж л тэд хэвлэлийн амыг барих гэж оролдож байгаа нь энэ.
Тэд эрх чөлөөгүй хэвлэл мэдээлэл улс оронд ямар их хохиролтой болохыг төдийлөн ойлгохгүй байна. Эсвэл ухаж ойлгохыг ч хүсэхгүй байж мэдэх юм. Хэвлэл мэдээлэлгүй улс, төргүй улс хоёрын алийг нь сонгох вэ гэхэд төргүй ч хэвлэл мэдээлэлтэй улсыг нь сонгоно гэж дэлхийн хэвлэлийн магнат хэлсэн нь бий. Эрх чөлөөт хэвлэл мэдээлэл улс оронд ус, агаар мэт хэрэгтэй гэдгийг энэ жишээн дээрээс харж болно. Тиймээс л хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд өөрийн эрх ашгийг бодож дураараа савраа дүрмээргүй байна.
Төрд ажиллаж байгаа сайд, дарга нар бол хувь хүмүүс огт биш. Тэд бол төрийн институци. Ард түмний ивээл хайраар нэрд гарсан одууд ч гэсэн мэдээллийн эх сурвалжууд. Ганцхан бид биш, дэлхий даяар л ингэж үздэг. Энэ утгаараа тэд “Биднийг хэвлэл мэдээллээр сайн, муу гэж бичлээ, шүүмжиллээ” гэж гомдоллох эрхгүй. Өндөр албан тушаалд очиж, олны танил болвол сайн, муугаар хэлүүлнэ гэдгээ эрхбиш мэдэж байсан байлгүй дээ. Сайн сайхныг нь хүртэж байгаа бол багахан хэл ам, шүүмжлэлийг даах сэтгэлийн хат байх ёстой юм аа. Угаас тэдэнд тавигдах гол шаардлагуудын нэг нь энэ байх учиртай. Сайн дураараа л дарга, сайд, олны танил болсон. Хэн ч тэднийг дургүй байхад нь албадаж хүчлээгүй. Тийм байхад жулдрай жаал шиг гоншигнож, гомдоллоод байх хэрэггүй.
Ер нь бол сайд дарга нар гүтгэлэг, доромжлол, нэр төрд халдлаа гэсэн заалт төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй гэж хуулинд оруулах хэрэгтэй . Ийм заалт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгаа болох учиртай. Тэгээд л болоо. Бусад нь хамаа алга. Жирийн иргэд нэгнийгээ гүтгэвэл хууль шүүхээрээ явдаг л юм байгаа биз.
О.АРИУНЦЭЦЭГ