Сангийн сайд Б.Болор өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа зардлыг хэмнэх бодлого барина хэмээж буй. Тиймээс ч энэ хүрээнд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороотой нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгахаар болжээ. Энэ шийдвэрийг дагаж цомхотгол хийгдэх нь тодорхой.
Агентлагуудыг ийн татан буулгаж, заримыг нь нэгтгэснээр барилга байгууламжийг нь зарж, төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрнө гэж тооцжээ.
“Ирэх онд эдийн засаг сэргэвэл цалин нэмнэ, түүнээс хүндрэлтэй үед боломжгүй. Цалин нэмсэн тохиолдолд зөвхөн төрийн албан хаагчдын цалин өсч, хувийн хэвшлийнхэн нэмэгддэггүй. Цалин нэмэх бүрийд инфляци өсч, сөрөг үр дагавар нь нийгэмд илүү тусдаг тул эдийн засгийн нөхцөл байдлаа илүү харахаас аргагүй байгаа” гэдэг мэдээллийг Сангийн сайд энэхүү уулзалтын үеэр өглөө.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл бэлэн болжээ
ИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нар санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооноос санал авахаар илгээж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа улс төрийн намууд, иргэд, сонгогчид, судлаачдын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгохыг шаардах болсон. Тухайлбал, тойргийн хуваарилалт, сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн, саналыг гар аргаар тоолж баталгаажуулах, санал тоолох ажиллагааг техник хэрэгсэл ашиглаж ил тод нээлттэй болгох, сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой гомдол маргааныг түргэн хугацаанд шийдэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар олон санал, томъёолол ирүүлсэн байна. Иймд МАН-ын даргын санаачилгаар улс төрийн 22 нам оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг есдүгээр сард зохион байгуулж, Сонгуулийн хуулийн төсөл дээр хамтран ажиллахаар санал нэгдэн 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн төвшинд улс төрийн намууд, судлаачид, иргэдийн саналыг нэгтгэж, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Гэхдээ энэхүү хуулийн төслийг боловсруулахад Ардчилсан намаас бусад бүх намууд оролцжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байна Үүнд:
- Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан.
- Төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгажээ.
- Төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзсэн байна.
- Сонгууль хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна.
- Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгасан аж.
- Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан.
- Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тусгасан.
- Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулсан.
- Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Дээрх мэдээллийг хийх үеэрээ УИХ-ын гишүүн Ч.Улаан “Дараагийн сонгууль ойртож байгаа тул УИХ хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэж батлах хэрэгтэй. Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа. Хариугаа яаралтай ирүүлэхийг хүсч байна. УИХ-ыг ч энэ хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлахыг шаардаж ажиллах болно” гэсэн юм.