Энэ сарын 18-нд “Фейс” гэх бааранд согтуу хүмүүс танхайрч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаа нарыг очиход тэнд байсан 50 болон 40 орчим насны хоёр хүн тэднийг элдвээр доромжилж унаж явсан машинаа асаан дайрна гэх мэтээр агсамнажээ. Тэд ахлах ахлагч цолтой цагдаагийн хувцсыг урж, утсыг нь газар авч шидэн танхайрчээ. Цагдаагийн алба хаагчид тэднийг гавлан зохих газарт нь хүргэжээ.
Эдгээр танхайрагчид нь Төрийн тусгай хамгаалалтын албаны орлогч дарга Н.Батаа, ахлах ажилтан Т.Батбилэг нар байжээ. Өнгөрсөн жил тус газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар амиа хорлосон хэрэг гарч байсан. Тэрээр Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдсон байдаг. Б нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан юм байна. Үүнээс болж Я.Нэргүйбаатар харуулын байранд дээрээ ирж, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан байдаг. Энэ мэтчилэн Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид танхайрсан, бусдыг зодсон хэрэг удаа дараа гарч байна.
О.ӨНӨР