Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилттэй “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг бэлтгэх” төслийг ТТАХНЭ-т амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Уг төслийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ХЗДХЯам, ТТАХНЭ, “АМЕ интернэйшнл” компани хамтран хэрэгжүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зурсан бол өнөөдөр нэг жилийн хугацаанд төсөл бүрэн хэрэгжиж төслийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болж байна.
Төслийн хүрээнд 87 нэр төрлийн 180 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн суурилуулалтыг бүрэн хийж, эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Онцолж хэлэхэд Монгол улсын нэгдсэн эмнэлгүүдийн түүхэнд анх удаа ламинар урсгалтай мэс заслын вакум өрөөнүүд, эрчимт эмчилгээний хэсгийн тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн хийн хангамжийн систем угсралт суурилуулалт хийгдсэнээс гадна хэвлийн болон үений дурангийн мэс заслын иж бүрдэл, өндөр хүчин чадал бүхий хэвлийн хөндий, зүрх, тархины өнгөт хэт авиан оношлогооны тоног төхөөрөмжүүд, рентген оношлогоо, ходоодны уян дуран, тархи, мэдрэл, булчингийн цахилгаан бичлэгийн болон нойрны бичлэгийн аппаратыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байна. Мөн эмнэлгийн түргэн тусламжийн бүрэн тоноглосон автомашинтай болсон. Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийн хэсэг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдлоо.
Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор 2018 онд нийт 28 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Австри, Герман, Хятад, Финлянд улсуудад 14-28 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.
Төслийн хүрээнд суурилагдсан оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж ашиглан өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 28300 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн цогц шинэчлэл хийж, хүний нөөцийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, төсөл бүрэн хэрэгжиж дууслаа.