Categories
мэдээ цаг-үе

Төрийн соёрхолт С.Сүхбаатар: “Ээрүүлт” бүжгээрээ Ц.Сэвжид гэдэг хүн бүжиг дэглээчээс гадна гүн ухаантан болохоо харуулсан

Монгол Улсын Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай ярилцлаа.


-Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид гэж их хүний бүтээлүүд зуун дамнан бишрэгдсээр байгаагийн нууц нь юундаа байна?

-Малчин ухааныг магтан дуулсан нь Ц.Сэвжидийн уран бүтээлийн онцлог гэж би ойлгодог. Ардчиллыг аав маань үзэж чадаагүй. Ганцхан бурангуй намын үзэл бодолд баригдаж явсан юм. Багш маань шашны ёс дэг, уламжлал, малчдын амьдралын ахуйг хаачихсан байсан үед ахуй амьдралаасаа сурсан зүйлээ өөрийн ухаанаараа хөгжүүлж гаргаж чадсан хүн. Бүжиг дэглэнэ гэдэг бол уран бүтээлчийн сэтгэхүйн асар их ураар бүтдэг. Тэр хүний хөдөлж буй хөдөлгөөнүүдийг гаргаж чадаж байгаагаараа урлахуй болж байдаг. Хүний хийж буй хөдөлгөөнийг агуу бүжиг дэглээч, найруулагчид урлагаар сэтгэн гаргаж, урлахуйн ухаанаараа гоё сайхан хөдөлгөөнүүдийг нь авч ард түмэнд үзүүлдэг. Үүгээрээ бүжиг дэглээчид гоо зүйн асар их мэдлэгтэй, соён гэгээрчихсэн хүмүүс гэдгээ харуулдаг. Тэр хөдөлгөөнөөрөө гүн ухааныг бий болгож байдаг. Тиймээс бичиглэхүйн ухаан бол биет ухаан юм. Гэсэн мөртлөө аваад бичих гэхээр биегүй юм шиг. Ц.Сэвжид багшийн нэг онцлог нь биелгээ гэдэг хөдөлгөөнийг хүн өөрөө бүтээдгийг гоо сайхнаар харуулж чадсан. Жирийн нэг монгол бүжигчин гадаадад очоод монгол бүжгээ бүжиглэхэд ямар ч үзэгч алга ташдаг. Монгол бүжгэнд ямар ур ухаан шингэсэн байгааг харуулсан жишээ шүү. Ц.Сэвжидийн “Саальчин”, “Адуучин”, “Эрүүлчин” таван тивийн ямар ч хүн хараад шууд ойлгодог.

-Сэвжид дэглээчийн “Хатад”, “Ноёд”, цамын бүжиг бүжгийн урлагийн түүхэнд тод үлдсэн. Хуучин нийгмийн үед хаад хатдын, шашны бүжиг дэглэж тавина гэдэг бас л ур ухаан шаардсан ажил гэж урлагийнхан ярьдаг…?

-Хаад, хатдынхаа тухай, дэлхийн анхны шашин болох бөө мөргөлийн тухай, бурхан шашны тухай бүтээл хийж болдоггүй үеийг бүх урлагийн хүмүүс туулсан. Тэр үедээ түүх, уламжлалаа харуулсан бүтээлээ хийж чадаагүй, хийсэн ч даруйхан хийгээд өнгөрсөн. Түүнээс даруйхан хийсэн хэдхэн бүтээлийг өнөөдөр магтан дуулж байна л даа. Шашинтай холбоотой юм хийж болохгүй цаг байсан нь үнэн. Хүн төрөлхтний анхны шашин болох бөөгийн шашинд ямар гүн ухаан байсныг одоо ярьж эхэлж байна. Үүнийг Ц.Сэвжид болон тэрний өмнөх үеийнхэн тайзных болгож хийснээрээ мөнхжүүлчихсэн. Хэрэв аав минь ардчиллыг харсан бол өөр ямар сэтгэхүйгээр уран бүтээлээ хийх байсан бол гэсэн бодол төрдөг шүү.

-Шашныг гойд үгүйсгэсэн тэр үед цамын бүжиг нь ч бас зоригтой шийдэл шүү. Тухайн үедээ хавчигдаж л байсан байх?

-Өөрийнхөө хүмүүжсэн бурхны шашны тухай уран бүтээл хийх гэхээр хаалттай байсан гэдэг нь үнэн л дээ. Хэрэв шашны ёс дэгтэй бүжиг хийсэн бол буудуулаад Толийн хийд шигээ үгүй болох байсан байх. Миний өвөө ч гэсэн хийдтэйгээ адил болсон доо. Манай хамаатан дунд лам хүн олон байсан. Нутгийнхаа ургамал ногоог түүж эмчилдэг домч хүмүүс байсан ч бүгд үгүй болсон. Бүжгийн урлаг дандаа сайн сайхныг харуулдаг. Аавын хийсэн зүйлсэд маш их ухаан шингэсэн байдаг. Хүүхдэд зориулсан “Хүүхэлдэй”, “Загасчин” бүжгүүд нь мөн л амьдралд байдаг зүйлээс сэдэвчилсэн. “Муур багш” бүжгийг гарахад олон хүн шүүмжилсэн ч баталж чадаагүй. Муу санаатай хүнийг муур багшийн дүрээр төлөөлүүлж, хүнийг муухайгаар хорлодог тэр санааг харуулсан юм. Социалист нийгмийн үед олон уран бүтээлчид нийгмээс хавчигдаж, буруудаж байсан. Тэр хүмүүсийн нэг нь манай аав. Гэхдээ уран бүтээлээ зоригтой хийж чаддаг орон зайгаа надад үлдээсэн. Хүннүгийн үе, Монголын эзэнт гүрний хаад, хатад, ноёдын тухай хийсэн бүтээлийг нь хараад би тэр уламжлалыг нь таслалгүй бүтээлээрээ үргэлжлүүлсэн. Дараачийн үе маань таслахгүйгээр авч үлдэж байна. Бид хүний золиос болж үлддэг тавилантай улс юм. Хүний хийж байгаа муу, сайн үйлийг бид хөдөлгөөнөөрөө дамжуулан өөрсдөд нь урлахуйн ухаанаар сайныг сайхнаар, мууг нь муухайгаар харуулж байна. Миний бүтээлийг төр засгаас болиулах гэж оролдох үед би их уурласан юм. Тэр үед аав “Зөөлөн нь хатуугаа дийлдэг юм” гэж хэлж байсан удаатай.

-Ахуйгаас сэдэл авч дэглэж тавьсан “Адуучин”, Саальчин” бүжгүүдийг аль ч улсын хүн ойлгоод байгаагийн цаад учир нь юундаа байна?

– Миний аав монгол хүний ахуй амьдралыг дэлхийд үлдээхийн тулд “Адуучин”, “Саальчин” бүжгүүдийг дэглэсэн. Малчны ахуй амьдрал, арьс шир, ноосоор үйлдвэрлэл хийж байгааг харуулсан бүжгүүд л дээ. Малчдыг би сэхээтэн гэж хэлнэ. Тэд гэртээ үйлдвэрлэлийг байгуулж чадсан. Энэ бас л урлахуйн ухаан. Тэгэхээр бид бүгдээрээ урлахуйн ухааны авьяастай. Түүнийгээ уран сайхан болгож тайзан дээр амилуулах үүрэг нь уран бүтээлч бидэнд оногдсон юм. “Та нар үүнийг дэлхийд уран бүтээлээр баяжуулж, гоо сайхан болгож хийж үзүүл” гэсэн үүргийг хүлээсэн улс нь бид. Энэ үүргээ биелүүлэх гэж л зорьж явна.

– Аав тань багадаа аавынхаа нөлөөгөөр Толийн хийдэд шавилж байж. Тэндээс сурсан шашны ёс дэг дэглэсэн бүжигт нь шингэсэн нь харагддаг гэж нэгэн урлаг судлаач хэлсэн байсан. Өвөөгийнхөө тухай дурсаач?

-Өвөө маань Буд гэж лам хүн байсан юм. Багадаа өвөөтэйгээ нэг өрөөнд амьдардаг байлаа. Өвөөгийнхөө дэргэд үймүүлж дургүйг нь их хүргэдэг байж билээ. Аав минь цамын бүжиг, дэг жаягийг нь ярьж өгөөсэй гэсэндээ өвөөг надтай хамт байлгадаг байсан юм билээ. Тэр үед аав аль эрт нутагтаа энэ бүхнийг сурчихсан байж. Аавыг төрөх үед Монголд Амар баясгалант, Толийн зуу гэсэн хоёрхон хийд байсан гэдэг. Чиний асуусанчлан аав багадаа Дорноговийн аймгийн Толийн зуу хийдэд шавилж байсан юм. Хийдэд шавилна гэдэг тухайн үеийн дээд сургуульд сурч байна гэсэн үг л дээ. Тухайн үедээ сүм хийдүүд соён гэгээрүүлэх сургууль байсан юм. Бурхны шашны хийдэд төвд, манж, хятад, монгол бичгийн бүх судар байсан. Ийм том өвийг устгасан нь асар том гуниг. Од гариг, хими, физик, анагаах ухаан бүгд л тэнд байлаа шүү дээ. Толийн зуу асар олон лам нартай том хийд байсан гэдэг. Бүр Догшин ноён хутагт Данзанравжаа Толийн зуу хийдэд тансаг яруу найргаа бичиж, театр гэдгийг байгуулж явсан түүхтэй. Өнөөдөр аав маань байсан бол баярлах л байсан. Бас гомдох байсан. Дахиад хэлэхэд тэр хүн соён гэгээрүүлэх асар том хийд, том театрт амьдарч байсан. Театр гэдэг чинь уран барилга, сийлбэр, бурхны дүрээр хүний биеийн хөдөлгөөнийг гаргаж харуулснаараа урлахуйн ухааны төв юм. Харамсалтай нь хүний бүтээсэн тэр урлагийн барилгыг устгаж, үгүй хийчихсэн.

-“Ээрүүлт” бүжгийг хорь гаруй жил бодож байж тайзнаа амилуулсан гэдэг. Бүжгүүдээ их л судалж бясалгаж дэглэдэг байжээ дээ?

– Адуучин аав, саальчин бүсгүй, ээрүүлээ ээрдэг эмэгтэй, сүүгээ самардаг ээж нь багшийн сэтгэхүйд үлдээд түүнийгээ урлагаар мөнхөлж үлдээж чадсан хүн л дээ миний аав. Багш “Ээрүүлт” бүжгийг дэглэхдээ багаасаа бодож байж дэглэсэн гэдэг юм. Ингэхдээ шашны номд гардаг 21 Хандмаа нараас санаа авсан байдаг. Ертөнцөд хүн бий болсноос хойш л ээрүүлийг нэг хүн сэтгэж олсон байж таарна. Тэр сэтгэгч нь нэг эмээ, нэг эмэгтэй л байгаа байх. Хонь, тэмээний ноосыг яаж эргүүлэхээр эрчлэгдэж утас болох вэ гэдгийг мэдэрнэ гэдэг бол тухайн хүний сэтгэхүйн ухааныг эзэмшиж чадсаныг харуулж байна. Тэгээд тэр ээрүүл зуун зууныг дамжаад XX зуунд ирж байна гэдэг чинь дэлхийн гайхамшгийг бүтээчихсэн гэсэн үг. Тиймээс л дэлхийд ганцхан “Ээрүүлт” бүжгийг дэглэсэн хэрэг. Энэ бүжгийг дэглэсэн болохоор Ц.Сэвжидэд Төрийн шагнал өгсөн юм. Харин өнөө үед ээрүүл гэдэг зүйл алга болж байна. Эмгэн хүн л ээрүүл ээрдэг гэж бодоод байх шиг. Өнөөдөр “Ээрүүлт” бүжгийг устгах гээд тайзнаа тоглуулахаа больсон. Энэ бол үхэл рүүгээ ойртож байгаа монголчуудын зан юм. Ийм ээрүүл гэж байсан шүү гэдгийг урлагаар үзүүлж чадсан байхад ард түмэнд үзүүлэхгүй байна. Нөгөө талаар ингэж үлдээж чадсанаар Ц.Сэвжид гэдэг хүн бүжиг дэглээчээс гадна гүн ухаантан гэдгээ харуулсан.

– Ц.Сэвжидийн бүжгийг тайзнаа тоглуулахаа больсон, түүний бүжгүүд мартагдах гээд байна гэж та сая ярилаа. Яагаад гэж асуумаар байна?

– Бүтээлийг бий болгож чадаагүй хүмүүс удирдах албан тушаалд очихоор бид яах юм бэ. Дээр үед биднийг намд элс гэдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ олон намаас болж төр баларч байна. Үүнээс болж бүжгийн урлаг орхигдож байна. Хуучин ЗХУ-ын алдарт бүжиг дэглээч Игорь Мойсеевийн бүжгийн чуулга гурав дахь удаагаа Монголд ирж тоглосон. Анх 1942 онд ирж байсан юм. Түүний дараа 1970-аад онд хоёр дахь удаагаа ирэхэд нь би үзэж байсан. Энэ онд гурав дахиа ирэхэд нь би дахин үзсэн. Тэгэхэд анх үзэж байсантай яг ижил тоглолт болсон. Игорь Мойсеевийн 100 жилийн ойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин “Оросын ард түмнийг дэлхийд тунхагласан Игорь Мойсеевийн өмнө би ард түмнийхээ өмнөөс мэхийн ёсолъё” гээд өвдөг сөгдөн ёсолж байсан шүү. Гэтэл манай төрийн тэргүүнүүд эх орноо худалдаад, ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байна.

– Аав тань таны багш. Багшийн хувьд их хатуу хүн байсан гэх юм билээ?

– Багшийн хэлсэн хатуу үгийг сонсож байсан хүмүүс нас тогтсон хойноо “Миний төлөө, миний амьдралын төлөө, намайг сайн бүжигчин болоосой гэсэндээ тэгдэг байжээ” гэж надад хэлдэг. Энэ бол Ц.Сэвжидийн мөн чанар юм. Бүжиг дэглэгч бүжгээ л боддог болохоос биш “Бид энэ хүнд багшилж, сурган хүмүүжүүлж байна” гэдгээ боддоггүй. Ний нуугүй хэлэхэд бүжиг дэглээч гэдэг хүнийг би гарцаагүй багш хүн гэж боддог. Тэр дундаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч багш хүн юм. Бусад дуучид, хөгжимчидтэй яаж хамтран ажиллах талаараа заахаас эхлээд багш хүний үүргийг гүйцэтгэж байдаг. Ц.Сэвжид бүжиг дэглээч боловч урлагийн том тайзан дээр “багш аа” гэж дууддаг байсан. Өнөөдөр намайг олон хүн багшаа гэж дууддаг. Тэгсэн хэрнээ багш нар юм уу, боловсролын баяр болоход биднийг мартчихдаг. Өнөө хөгжмийн багш, дууны багш, бүжгийн багш нарыг чинь хаячихдаг байхгүй юу. Миний мэдэхэд зуугаад жил бүжиг дэглээч нарыг боловсролын сэхээтэн хүн гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Бид чинь урлагийн гүн ухаан, сэтгэхүйн ухааныг судлан алдагдсан байхгүй болсон зүйлийг бий болгоод шинжлэх ухааных нь талаас заадаг юм.

– Ц.Сэвжид гуайг Монгол бүжгийг гуравдагч ертөнцөд үнэлүүлэх гэж явж байхдаа бурхан болсон гэдэг. Энэ талаар?

– Монголын зан заншлыг бүжгээр дамжуулан гаргаж чадаж уу, бүжгийн хөгжил хаана хүрсэн байна вэ гэдгээ социалист орнуудаар явж үзчихээд Италид 1988 онд очиж тоглосон. Тэндээс Монголын бүжгийн хөгжил дэлхийн хэмжээнд хүрч чадсан юм байна, монгол ахуйг дэлхийн түүхэнд үлдээж чаджээ гэдгээ мэдээд өөд болсон. Тэгэхдээ “Монголын балето” нэрийг авч чадсан юм. Монгол бүжиг бол балет гэсэн тодорхойлолтыг авч чадсан.

Дэлхий монгол бүжгийг сонгодог гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Италичууд ардынхаа дууг дэлхийн сонгодог дуурь болгож чадсан. Италийн бүжгийн урлаг судлаачид Монголын бүжгийг дэлхийн бүжигтэй энэ зэрэгцэн явйж чаджээ гэдгийн тэмдэглэн үлдээсэн байдаг. Италид тоглолтоо хийгээд Германд явж байхад аавын бие муудсан юм. Тэр үед Ю.Цэдэнбал гуай утсаар холбогдож “Энэ хүнийг заавал амьдаар нь авч ирэх ёстой шүү” гэж үүрэг өгч байсан.

– Монгол бүжиг ахуйгаасаа эхлэлтэй. Тэгвэл Монгол ахуйгаа мэдэхгүй уран бүтээлчид бүжиг дэглэх тохиолдол байна уу?

Ахуйгаа мэдэхгүй бүжиг дэглээч, урлаг судлаачид байгаа. Бүжиглэхүйн ухааныг биедээ шингэтэл авч үлдээгүй, ахуй амьдралаа очиж судлаагүй, юмыг гардан хийж үзээгүй байж судлаач, шинжээчид гээд явдаг хүмүүс бий. Энэ байдал сүүлийн үед бүр нэмэгдэж байна. Би бүжиг дэглээч, найруулагчдыг шүтэн биширдэг. Өмнөх үе, өөрийнхөө үе, дараачийнхаа үеийг мэднэ. Эд нар бол сэтгэхүйн ухааныг шинжлэх ухаантай нь хослуулж чаддаг хүмүүс.

Тэд нарын хаана ч хүрэхгүй улсууд дарга нь болчихсон, доктор, профессор гэсэн цол авчхаад явж байна. Ердөө бүжгийн жижиг элементийг хэлж мэдэхгүй тийм хүмүүс бүжгийн судлаач хийх нь эмгэнэлтэй. Өнөөдрийн алдар цолтой бүжгийн салбарын эрдэмтэд, багш нарыг би гайхдаг. Би хэлж чаддагаараа тэр улсуудтай мэтгэлцээн хийе гэхээр ирэх хүн байдаггүй. Би жирийн малчин, ажилчин ард түмний өмнөөс мэтгэлцье гэдэг юм. Ийм худал дипломын голууд дүүрэн байна. Юу хийсэн, юугаараа докторын зэрэг хамгаалдаг юм бол доо. Агуу бүжиг дэглэгчид, багш нарын хийж бүтээснийг хуулбарлан биччихээд эрдэмтэн цол аваад байх юм.

– Хойч үеэ ямар уран бүтээл хийгээсэй гэж та хүсч байна вэ?

– Өнөөгийн улстөрчдийн увайгүй үйлдлийн хошин шогийнхон уран бүтээлээрээ егөөдөж байгаа шиг бүжиг дэглээчид дэг хийж чадахгүй байна. Ийм төрлийн сэдвээр бүжиг хийж чадах дэглээчтэй болоосой гэж би хүсдэг. Болдогсон бол би өөрөө хийчихмээр санагддаг. Гэхдээ би өөрөө түүхэн баатрууд, жанжид, эзэн хаадын тухай дагнан бүтээлээ хийдэг учраас өөр төрөл рүү ормооргүй байна. Минийхээс өөр төрлөөр дараачийн үеийнхэн минь бүтээлээ хийгээсэй гэж боддог.

Харин Ц.Сэвжид гэдэг хүн хаад, хатад, шашны тухай хийж болохгүй байсан учраас ахуй амьдралын тухайн бүтээлүүд хийсэн юм. Ахуй амьдралаас зөвийг нь олж хийж чадсан, бас шүүмжилж чадсан. Хүүхдийн уран бүтээл дунд ихэнх шүүмжилсэн зүйлс нь байдаг.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *