Categories
мэдээ нийгэм

“Төрийн нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төсөл нь нээлттэй өгөгдлийн экосистемийг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуультай хамтран “Төрийн нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг нь төрийн үйл ажиллагааны хүрээнд үүсэж хуримтлагдсан өгөгдлийг нээлттэй болгох, нээлттэй өгөгдлийн ач холбогдол, хамрах хүрээний талаарх ойлголт, мэдлэгийг олгох, төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд хийсэн ажлууд, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулан санал солилцох, нээлттэй өгөгдлийг нийлүүлэгч (төр) болон хэрэглэгчдийн (хувийн хэвшил, бизнес эрхлэгч, судлаач, иргэн, иргэний нийгмийн байгууллага)үүрэг оролцоог тодорхойлох, төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал, зөвлөмж боловсруулах зорилготой.

Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яам, агентлаг, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил болон иргэний нийгмийн 60 гаруй байгууллагын 120 гаруй төлөөлөгч оролцлоо.

“Төрийн байгууллагуудад асар их мэдээлэл хуримтлагдаж байдаг. Энэ мэдээллийг тодорхой формат хэлбэрт хувиргаад нийтэд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн олон орны төр, засаг өөрт байгаа мэдээллээ өгөгдөл хэлбэрт шилжүүлэн, нээлттэй түгээж, энэ мэдээллийг ашиглан мэргэжлийн хүмүүс нь шинэ судалгаа хийн нийтийн тусын тулд ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Энэ жишгээр төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн саналыг хэлэлцэж байна” хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн онцлов.

Хэлэлцүүлгийн үр дүнд төрийн байгууллагын төлөөллөөс Ажлын хэсэг томилогдоно. Мөн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллах юм байна.

Хэлэлцүүлгээр “Нээлттэй өгөгдөл ба үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Ухаалаг засаг төсөл, Бүрдэл хэсэг: Төрийн нээлттэй өгөгдөл”, “Монголын нээллтэй өгөгдлийн санаачилга”, “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn”, “Төрийн байгуулагуудын өгөгдөл, мэдээллийг нээлттэй болгох боломж”, “Төрийн нээлттэй өгөгдлийг нэвтрүүлж хэрэглэх нь” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *