Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэр өнгөрсөн сарын 18-нд гаргасан билээ. Засгийн газрын албан ёсны хэвлэлийн мэдээнд “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэсэн байдаг. Ийнхүү ганцхан өгүүлбэр бүхий шийдвэрийг гэнэт гаргасан нь олон хүний анхаарлыг татаж байсан. Харин тухайн үед Б.Баярсайхан хэлэхдээ “Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна. Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо” гэсэн юм. Мөн тэрбээр би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой гээд тус салбарын сайд асан Ж.Батсуурийн балаг дуусахгүй байгаа талаар тодорхой хэлж байсан.
Ингээд Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэнэ. Өнөөдөр шүүх хурал болох байсан ч Засгийн газрын биет төлөөлөгч П.Ариунболд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулсан гэв.