“Хуучин цагт алдар цолтой бөхчүүд наадмыг минь зориод, наадамчин олныг хүндэтгээд ирэхэд баярладаг байлаа. Одоо харин ард түмнийг хэрхэн доромжилж, өөрсдийгөө гутаах гэж байгаа бол гэхээс дургүй хүрдэг юм” гэх яриа учир мэдэх олон хүний амнаас гарах болжээ. Монгол төрийн наадмын чимэг, монгол соёлын дархлаа болсон бөхчүүд маань ингэж нэрээ хугалж, суу алдраа захын нэг наадмын тоосонд булж орхисон нь харамсмаар. Одоогоос хэдэн жилийн өмнө санагдана. Бүсийн наадам гэж хангай, говийн аймгуудад зохиогдсон. Бөхчүүд хуваагдаж очин барилдаад хавтгайрсан найраа хийж, тухайн нутгийн ард түмнийг ёстой нэг доромжлох шиг болсон.
Наадмын дэвжээгээ нулимуулсан түмэн голомтоо самруулсан юм шиг үнэндээ хорсолтой хоцордог юм билээ. Манай редакци руу утасдаад “бидний хайрлаж хүндэтгэдэг бөхчүүд гэдэг чинь ийм хүмүүс байна” гэж цөхөрсөн янзтай дуулгаж байв. Тухайн үед “Бүсийн наадам ба монгол бөхийн мөхөл” хэмээх нийтлэл “Өдрийн сонин”-д гарч байлаа. Харин түүнээс хойш аймгуудын наадам залуу хүчтэнүүдийн тулаан болсон уу, яасан бүү мэд. Ямар чиг л байсан чимээ аниргүй болчихсон. Шижигнэсэн залуучууд түрүүлж, үзүүрлэн цол аваад, улсын цолны төлөө барилддаг, тэр жамаараа явсан байх. Өнөө жил АСЕМ-тай холбоотойгоор аймгуудын наадам хойшилсон нь улсын цолтой бөхчүүдэд таван төгрөгийн ашиг олох боломжийг нь нээгээд өгчихөв үү гэлтэй.
Улсын наадмын дараахан Сэлэнгэ аймгийн наадам болсон. Уг наадамд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Говьсүмбэр аймгийн харьяат, улсын арслан Д.Азжаргал тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглосон. Сэлэнгийнхэн төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан хүчит бөхчүүд ирлээ. Наадам ч үзүүштэй сайхан болох нь ээ гэж өнөө л итгэдгээрээ итгэн хүлээж байв. Тэгтэл юу болсон гэж санана. Улсын наадамд төвөггүйхэн долоо давж, наймын даваанд Архангайн Пүрэвдагвад тахимаа өгсөн Бүрэнтөгс арслан дөрөв даваад л Цогбаяр гэж залуу бөхөд унаад өгдөг байгаа. Бүрэнтөгсийг наадмаар уйлахад нь сэтгэлдээ харуусалтай байсан хүмүүс, сумын цолтой бандид элэг бүсээ тайлахад нь бүр чиг байдалд орчихов. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ аваргыг дотуур этэх уран гоё мэхээр бөгсөөр нь суулгаж ес давсан Азжаргал мөн л Тулга гэж залууд тахимаа өгчихлөө. Хоёр арслангаас гадна залуу харцага, начингууд бас л дуу дуугаа аваад сумын цолтнуудад үсрээд өглөө. Ингээд Сэлэнгийн наадамд зодоглосон улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс хоёр залуу бөх шалгарч үлдэж байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө Багануурын наадам боллоо. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын харцага Ц.Содномдорж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, улсын харцага Ө.Даваабаатар нарын хүчтэнүүд зүүн баруун жигүүрийг магнайлан барилдав. Гончигдамба уу, Содномдорж уу эсвэл Даваабаатар уу гэж таавар уралдуулж суусан наадамчдын хөөр баяр ердөө дөрвийн даваанаас нам дарагдаж, хавтгайрсан найраатай наадмаа харахаас ч дургүй нь хүрч эхэлжээ. Ялангуяа шөвгийн дөрөвт Гончигдамба, Содномдорж хоёрыг нэг нэг залууд элэг бүсээ тайлахыг нь харсан наадамчид элэг рүүгээ өшиглүүлсэн юм шиг, гол нь зурагдаад наадмын дэвжээнээс арилж өгсөн байна.
Энэ жилийн аймгуудын наадмын өнгө нэг иймэрхүү. Хоёр жилийн өмнө байна уу даа, Монголын ихэнх сум ерэн жилийн ойгоо тэмдэглэж, сумын наадмын бөх гэдэг зүгээр л жүжиг болоод өнгөрч байсан. Хот хүрээ, холын Америкаас хүртэл сумынхаа ойд, ижий аав, эцэг өвгөдийнхөө нутагт халуун сэтгэл өвөрлөж ирсэн наадамчдыг хэдэн “тэнэг” бөх доромжилдгоороо доромжилсон. Олон жижиг алдаа явж явж нэг том алдаа болон тэсэрч дуусдаг юм гэдэг. Бөхчүүд минь жаахан учиртай, ултай суурьтай, бодолтой байхгүй бол монгол соёлын дархлаа алдагдах аюулд хүрэх вий. Өнөөдрийн хэдэн халтар цаас зуу зуун жилийн түүхтэй Монголын өв соёлын дэргэд чухам юу юм бэ. Мөн хүний амьдралын урсах он жилүүдтэй харьцуулахад бас юу билээ. Ёстой юман чинээнд хүрэхгүй зүйл шүү дээ.
Бөх хүнд өөрийн гэх нэр төр, ард түмний итгэл хайр, дээрээс нь монгол төрийн хүндэтгэл гэж том зүйл бий. Манайхны хэлдгээр найраагаар ч байна уу, өөрийн хүчээр ч байна уу, улсын наадамд тав давсан залууд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монголын төр цол чимгийг нь өгдөг. Төрдөө үнсүүлсэн хэн бүхэнд төрийн их хүндэтгэл, түмний ивээл хайрыг дааж явах их хариуцлага ирдэг. Гэвч энэ их хүндэтгэл, хариуцлага, ёс горимыг бөхчүүд нэг л үл ойшоосон, харин ч бүр эсрэгээр нь авлига, хээл хахууль, ашиг хонжооны талбар мэтээр бодож, ашиглах болжээ.
Улсын цолтой бөх залуу бөхөд тахимаа өгч болно. Тэр бүгдэд найраа хийлээ, наадамчин олноо доромжиллоо гэж шууд хүлээж авч болохгүй нь мэдээж. Мөн ахмад бөхчүүд цаашид өндөр цолонд хүрэх магадлалтай залуучуудыг дэмждэг, буулт хийдэг ёс монгол бөхийн дэвжээнд эртнээс хадгалагдаж ирсэн. Харин улсын наадмын түрүү үзүүрт яригдаж, бөхийнхөө хувьд жинхэнэ ирэн дээрээ яваа залуу хүчтэнүүд илт буулт хийж, худлаа барилдахыг наадамчин олон хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрөх ч ёсгүй. Монгол наадам гэдэг хоёрхон хүний хоорондын тохиролцоо, өгөө авааны асуудал биш юм. Ер нь тэгээд улсын алдар цолтой бөх өөрийгөө, эсвэл өрсөлдөгч бөхөө бодох бус ард түмнээ хүндэтгэж, бөхийнхөө дэвжээг цэвэр ариун байлгахыг сахин хамгаалж, үнэнч шударга барилдах учиртай.
Тийм атал аймаг, сумын наадамд аварга арслан нь ч мэдэгдэхгүй, тоосон дунд нь хутгалдаад явж байдаг бол үнэндээ гутамшиг шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Унахгүй хэн байхав. Гэхдээ таван халтар цаасанд “унах” л ичгэвтэртэй санагдаад байгаа юм. Аварга, арслан, гарьд гэдэг монгол бөхийн эрхэм сайхан цол. Энэхүү алдар цолыг хүртсэн идэр залуу хүчтэнүүд ид хавыг гайхуулан барилдах хэрэгтэй. Ямар ч наадамд зодоглосон бөхийн ариун дэвжээгээ хүндэтгэж, түмэн олноо баясгах нь зүйн хэрэг. Улсын наадамд үнэн хүчийг үзүүлээд аймаг, суманд очихоор “бяр” нь дуусчихдаг өрөвдмөөр ч юм шиг, ичмээр юм шиг, инээдтэй юм шиг тийм сонин байж болохгүй биз дээ. Энэ бүхэн эцэстээ өөрсдийгөө доромжилж, монгол бөхийн голомтоо үгүй хийх алхам юм. Өнөө цагийн бөхчүүд эл бүгдийг ойлгож, бөхийн эрхэм дээд цол, өв уламжлал, жудаг ёсыг элдэв бусын бохир мөнгө, хэрүүл жатганд бузартуулалгүй авч явахыг бөхөө дээдэлдэг ард түмэн шаардаж байна.
Б.Батболд