Эмхэтгэлийн шинэ дугаарт Дүрэм батлах тухай, Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.
Дүрэм батлах тухай зарлигаар “Прокурорын сахилгын дүрэм”-ийг баталсан бөгөөд Прокурорт хууль, хуулийг хэрэгжүүлэх талаар Улсын Ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн, прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, прокурорын мэргэжлийн дүрмийг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ. Уг дүрэмд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах, шалгалт явуулж дууссаны дараа явуулах үйл ажиллагаа, сахилгын шийтгэл оногдуулах талаар тусгасан байна.
Мөн бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагааг зохицуулах Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо шалгалтын үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэх бөгөөд Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулах юм байна.
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулах бөгөөд уг аргачлалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар хянуулж, энэ журамд нийцсэн эсэх тухай дүгнэлт гаргуулна. Шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Мэргэшлийн хороо хариуцна хэмээн дээрх журамд заажээ. Түүнчлэн Журам батлах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.