Categories
мэдээ нийгэм

Төрийн худалдан авах ажиллагааны гол сайт эвдэрч, тендерт оролцогчид учраа мэдэхгүй бужигнаж байна DNN.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газар гэж “баа”-тай нэг газар бий болжээ. Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх ковидын жилүүдэд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг толгойлж байхдаа энэ газрыг нэрд гаргаад буусан. Тендер авна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил, тендерийг аль танил тал, мөнгөтэй нь авдаг гэсэн олны хардлагыг Х.Улам-Өрнөх дарга өөрийн биеэр баталж, өөрийн найз, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболдтой улс нийслэлийн 14 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх 38.3 тэрбум төгрөгийн тендерийг яаралтайгаар зохион байгуулж дуулиан дэгдээсэн. Үүний ард томоохон авлига яригддаг. Орон нутагт баригдах Соёлын төв, нийслэлийн нэг дүүрэгт баригдах цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг авч өгнө хэмээн барилгын компаниас тендерийн 10 хувь гэж 125 сая төгрөгийг авсан хэрэг мандаасан. Х.Улам-Өрнөхийн олонд ил болсон зөвхөн энэ хоёр үйлдлээр л Төрийн худалдан авах ажиллагааны газар гэж ямар том авлигын уурхай байдгийг харуулж байгаа юм.

Албан тушаал, ашиг сонирхлын хэрэг мандаасан Х.Улам-Өрнөх өнгөрсөн оны 10 дугаар сард албан тушаалаасаа буусан юм.

Түүний халааг тухайн үед Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзулд өгсөн ч өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Үндэслэл нь Ковидын хуулиар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд томилсонтой холбоотой. Эдүгээ Төрийн худалдан авах ажиллагааны газар эзэнгүй байна. Төрийн худалдан авах ажиллагааны газар бол товчхондоо тендер зохион байгуулдаг газар. Төрөөс худалдан авч байгаа бүх төрлийн бараа, ажил үйлчилгээг аж ахуйн нэгжүүддээ ижил тэгш боломж олгож, шударгаар сонгон шалгаруулах зорилготой том газар. Хэдэн мянган тендерийн ард маш их хэмжээний мөнгөн дүн төсөв яригддаг учраас хариуцлагатай, хууль сахиулдаг байх учиртай. Гэвч тус газартай холбоотой тендерийн маргаан байсхийгээд л гардаг нь хууль энэ байгууллагад сахигдахгүй байгаагийн илэрхийлэл. Саяхан хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар нүүрс тээврийн тендерийн маапааны талаар хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр “Шинэ төрлийн авлигын сүлжээ үүсэхээс сэрэмжлүүлж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. Тодруулбал, “Таван толгой” ХК нүүрсний уурхайгаас тээвэр хийхэд тендер зарлаж оролцдог болж байгаа. Гэтэл тус тендерийг худалдан авах ажиллагааны газар зарласан байна. Өөрөөр хэлбэл Зам тээврийн хөгжлийн яам гэдэг газар байхад Худалдан авах ажиллагааны газар, Сангийн яамны оролцоо хэт их байна. Мөн тээврийн төлөвлөлтийг гаргаж байж тендер зарлах ёстой байдаг. Гэтэл тендерийн дээд хэмжээг тогтоож өгсөн нь энэ тендер будилаан үүсгэх эрсдэлийг харуулж байна” гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Тендер хоног хугацаа, цаг минутаар хэмжигддэг. Товлосон хугацаандаа материалаа өгч амжихгүй бол тендерээс хасагдана. Тендер нээх хугацаа бас нарийн. Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим хуудас болох tender.gov.mn цахим хуудас хаагдаад тав дахь хоногтоо орж байна. Тус цахим хуудаст “Худалдан авах ажиллагааны цахим систем-tender.gov.mn-д техникийн гэмтэл гарч, 2023.03.16-ны өдрийн 13:00 цагаас хойш гэнэтийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул түр хугацаанд ажиллах боломжгүй байна. Хэвийн болсон даруйд мэдэгдэх болно…” гэсэн тайлбар мэдээлэл угтаж байна.

Tender.gov.mn цахим хуудсаар төрийн бүх төрлийн тендер зарлагдаж явагддаг. Гэтэл цахим сайт нь хаагдсанаас үүдэж сүүлийн хэд хоногт иргэд, аж ахуйн нэгжүүд тендерийн сонгон шалгаруулалтад орж чадахгүй, будилаантсан явдал болж эхэлжээ. Тендерт оролцохоор бэлдэж байсан иргэд олноороо гомдол мэдүүлээд эхэлсэн байна. Тэдний нэг Г.Доржсүрэнтэй холбогдоход тэрбээр “Манай компани тохижилтын ажлын тендерт оролцохоор эртнээс материалаа бэлдээд байлаа. Баасан гаригт материал илгээх байсан. Тиймээс бид бүх бэлтгэхээ хангаад яг илгээх гэтэл цахим хуудас нь ажиллахгүй болчихсон байсан. Тендерийн материал бэлдэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, зардал ордог. Нэг тендерт орох гэж 10 гаруй төрлийн материал бүрдүүлдэг. Нэлээд олон газраас тодорхойлолт авна, төсөв бичнэ гэх мэт ажиллагаатай. Тодорхойлолт авах явцыг цахимжууллаа л гээд байдаг. Гэвч бүрэн ажил хэрэг болсон зүйл алга.

Тендерийн сайт ажиллахгүй болсон учраас холбогдох утсаар нь мэдээлэл авах гээд чадсангүй. Цахим хуудас дээрээ тендерт оролцогчидтой холбогдоно гэсэн байсан. Ямар ч холбоо барьсан зүйл алга. Магадгүй энэ удаагийн доголдлоос болж тендер дахин зарлана гэвэл оролцогч талаас дахиад л зардал чирэгдэл гарна” гэсэн юм.

Төрийн болон төрийн өмчит компаниудын тендерт хөндлөнгөөс оролцож хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, аудитор Д.Сайханцэцэг энэ тухай “Тендер бол маш нарийн цаг хугацаатай явагдах ёстой үйл ажиллагаа. Тендер нээх хугацаа гэж байна, мэдээлэх хугацаа ч гэж бий. Гэтэл цахим хуудас ажиллахгүй болчихож байгаа нь оролцогчдод нэлээд хүндрэл учруулна. Журмаараа дахин тендер зарлах болно. Төрийн олон зуун тендерийн мэдээ материал, шалгаруулалт явагдаж байгаа цахим систем аюулгүй, ачаалал даах хэмжээний байх ёстой. Гэвч ингээд гол үйл ажиллагаа нь алдагдаж, олон нийт, оролцогчид мэдээлэлгүй болчихно гэдэг олон талын сөрөг үр дагавартай” гэв.

Цахим Монгол, цахим үндэстэн хэмээн Засгийн газраас зарлаж, төсвийн хөрөнгөөс хайр найргүй цацаж ирсэн ажлын хариуд өнгөрсөн нэгдүгээр сард “E Mongolia” систем гацаж, Монгол Улсын иргэний бүртгэлд томоохон асуудал үүсгэсэн. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төрийн бүхий л бараа, ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, шударга явуулдаг гэх Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудас ажиллагаагүй болоод тав хонож байна. Тендертэй холбоотой дата мэдээлэл яаж хэрхэн өөрчлөгдөж, үүний ард хэн юу хийж байгааг мэдэх боломжгүй юм!

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *