Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов.
Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөлөл байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.
Энэ жилийн төрийн золголтод Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул 98 настай Тогтохын Сэмжидхорол, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул 94 настай Цэрэнхандын Адъяа, Булган аймгийн Тэшиг сумын уугуул 90 настай Зундуйн Дашзэвэг, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул 90 настай Найдангийн Төмөртогтоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул 90 настай Лхамын Дулам, Увс аймгийн Хяргас сумын уугуул 85 настай Пүрэвийн Донжоо, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул 84 настай Дамбадаржаагийн Галсан, Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул 80 настай Сосорбурамын Чанцал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид нарын настан буурлууд оролцлоо.
Монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун хүндэтгэх золголт уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөв.