Categories
мэдээ цаг-үе

Төрийн есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ

Монгол түмний эв нэгдэл, энх амгалангийн их бэлгэдэл есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүдийн бэлтгэл хэдийнэ ханажээ. Цэргүүд шарга морьдынхоо хамтаар Төр хурахын аманд хээрийн бэлтгэлээ хийж дуусаад байна. Туг залах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 1992 онд яруу найрагч Ш.Гүрбазар санаачлан зохион байгуулсан байдаг. Тэр цагаас хойш есөн хөлт цагаан тугийг залах ёслол нэг хэвийнээр үргэлжилжээ. Харин энэ жилээс морьдынхоо тоог нэмж сүр жавхааг нь улам бүр нэмэхээр болсон байна. Энэ тухай Зэвсэгт хүчний 032 буюу хүндэт харуулын ангийн захирагч Л.Батболд “Төрийн туг залах арга хэмжээ монгол хүн бүрийг омогшуулдаг. Тиймээс өнөө жил өөрчлөлт оруулан морьтон баатруудын хамт есөн хөлт цагаан туг залах гэж байна” гэв. Урьд өмнөх жил есөн шарга, нэг цагаан болон хээр морьтой 32 цэрэг есөн хөлт цагаан тугийг залдаг байлаа. Харин энэ жил 70 морьтон төрийн тугаа залан орж ирэхээр болжээ. Тэдний хээрийн бэлтгэлийн сүүлийн өдөр нь очлоо

Зэвсэгт хүчний нэгдсэн найрал хөгжмийнхөн ирчихсэн бэлтгэлээ хамтдаа хийх гэж байв. Хээрийн ангиа тойруулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй дүйцэхүйц томоо тойрог татчихаж. 15 цагт эхлэх бэлтгэлийнхээ өмнө цэргүүд морьдоо барьжээ. Эдгээр адуу төрийн торгон сүрэгт байдаг. Тэр бүр унаж, эдлээд байдаггүй болохоор ихэнх нь ааштай талдаа юм. Цөөн хэд хоног бэлтгэл хийж байгаа болохоор тэр хугацаанд багтаж мориндоо дасна гэдэг цэргүүдээс багагүй хичээл зүтгэл шаарддаг гэсэн. Тиймээс бэлтгэл дууссан үед ч гэсэн мориндоо дасахыг хичээсээр овоо үр дүнд хүрч байгаа тухай цэргүүд ярьж байлаа. Өнөө жилийн тухайд есөн хөлт их тугийг 032 дугаар ангийн офицерууд зална. Тэдэн дунд ганцхан цэрэг байгаа нь Б.Бат-Отгон. Тэрээр Булганы Дашинчилэнгээс иржээ. “Цэрэгт татагдаж ирээд төрийн есөн хөлт цагаан тугийг залалцах болсондоо их баяртай байгаа. Эр хүн болгонд тэр бүр заяагаад байхгүй ховор боломж” гэж байв. Хүүгээ төрийн наадмын арга хэмжээний гол хэсэгт оролцох болсонд аав, ээж нь ихэд баяртай байгаа гэнэ. Иймд нийслэлд ирж наадмын нээлт үзэхээр болжээ.

Морьдоо нэмсэн нь тэгш ойтой холбоотой. Мөн АСЕМ-д оролцох зочид, төлөөлөгчид наадмын нээлт үзэх болохоор төрийн туг залах ёслолын ажиллагааны сүрийг нэмэхийн тулд 38 морь нэмжээ. Ингэснээр гурван цагаан, 17 шарга, 25 хонгор, 25 хээр зүсмийн 70 морь есөн хөлт цагаан тугийг зална. Тэдний 20 нь морьтон баатрын дүрээр тугны хамгаалалтад явах ажээ. Цаашид ч энэ жишгээр наадах байх хэмээн ангийн захирагч Л.Батболд хурандаа ярьж байна лээ. Ер нь туг залах ёслолд өнгөрсөн жилээс бага зэргийн өөрчлөлт орсон байдаг. Хуучин есөн шарга морь туг залдаг байсан бол өнгөрсөн жилээс их тугийг цагаан мориор залдаг болсон. Энэ жил мөн уг жишгээрээ явах юм байна.

Нэгдсэн бэлтгэл 15:00 цагт эхлэв. Яг л цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэтээр хүндэтгэлийн ая эгшиглэж шарга, хонгор морьтой 20 баатар эр түрүүлээд орж ирэв. Араас нь цагаан морьтой хонжин буюу ангийн захирагч, залгуулаад туг орж ирэх ажээ. Хэдий хээр газар ч гэлээ яг л Төв цэнгэлдэх хүрээлэнд туг орж ирж буй мэт бэлтгэлээ хийж байв. Торгон цэргүүдийн нүүрний хувирал, биеэ авч яваа байдал яг л наадмын нээлт үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Нэг гараараа мориныхоо цулбуурыг бариад, нөгөө гараа ташаандаа тулаад толгой өөдөө баатар эрсийн ихэмсэг дүрд хувиран өдрийн гурван удаа бэлтгэл хийж байгаа гэнэ.

Торгон цэргүүд өглөө 06 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Дөрвөөс таван км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө бие хааг ингэж бэлдсэний дараа морьтой бэлтгэлдээ гарна. Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг, хоёрдугаар хоол хийж өгнө. Дараа нь бас л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлийг өдөржин хийгээд байж болохгүй. Адуу хэт удаан бэлтгэл хийвэл залхуураад байдаг гэсэн. Гэхдээ олон жил туг залж яваа морьд үүргээ сайн мэддэг болчихдог гэнэ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ өвс зулгаагаад явчихгүй. Яг л уяан дээрээ байж байна. Хоол тэжээлийн тухайд тусгай юм хэрэглэхгүй. Бэлчээрлэнэ. Яг наадмын өдөр харин гэдсээ татчихдаг гэсэн. Цэнгэлдэх дотор ороод учиргүй бааж шээгээд байхгүй. Ялангуяа олон жил болж байгаа хөгшин морьд ийм асуудал гаргахгүй. Ганц нэг жил болсон шинэ морьд л цэнгэлдэх дотор “асуудал” гаргадаг юм байна.

Өнөө жилийн тухайд хаа газар зуншлага сайхан байгаа болохоор адуу мал тарга тэвээрэг сайтай байв. Гэсэн хэдий ч наадмын өмнөхөн тамир тэнхээ нэмэх тариа хийх гэж байгаа талаар ярьж байлаа. Учир нь наадмын дараа буюу долдугаар сарын 15-нд АСЕМ-ын хуралд зориулан Төрийн ордноос Чингисийн хүрээ жуулчны бааз хүртэл 20 гаруй км туг залж явах юм байна. Ойрхон хоёр удаа туг залах учраас нэмэлт тариа хийхээс өөр аргагүй. Гэхдээ шороон замаар явбал монгол морь ер нь тэгтлээ ядарч сульдаад байдаггүй гэсэн. Харин засмал замаар явахад халтирчих гээд моринд их түвэгтэй байдаг ажээ. Нэг морь дунджаар 120 гаруй кг ачаатай явах учраас хол замд цуцах магадлал өндөр. Туг залах хүн дунджаар 70-90 кг жинтэй. Үүн дээр морьдоо 15 кг чимэглэлээр тоноглоно. Их туг 36 кг жинтэй, бусад нь 24 кг. Ийм хүнд ачаатай явах учраас тарим, бэлдмэлээ эртнээс бэлдэж байгаа юм байна. Гэхдээ хүн ч тэр, адуу ч тэр бэлтгэгдсэн учраас иймэрхүү ачааллыг даваад л гарна. Харин хамгийн их санаа зовоож буй зүйл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн будагтай зам, хиймэл зүлэг. Морьд ийм замаар явахаар халтирчих гээд тун ярвигтай. Тиймээс өнөөдрөөс эхлэн наадмын нээлтэд оролцох бусад уран бүтээлчийн хамтаар нэгдсэн бэлтгэлд гарахаар болжээ. Уг нь нэг эвгүй гишгээд халтирчихсан морь дахиж тэр замаараа явахаар биеэ цэнээд, алхаа гишгээгээ хянаад сүрхий болгоомжтой явдаг гэсэн.

Есөн хөлт цагаан тугийг залах хүлэг морьдыг гурван жилийн өмнөөс сэлгэж эхэлжээ. Шинэ морьд сургаж авах амаргүй байдаг ч гэлээ хөгшрөөд ирэхээр нь солихоос өөр аргагүй. Их тугийг залдаг том шарга морь л гэхэд 14 жил “төрийн албанд” зүтгээд хоёр жилийн өмнөөс халаагаа өгсөн гэнэ. Гэсэн хэдий ч уягдаад сурсан морьтой адил зун болохоор л уяан дээрээ очоод зогсчихдог болохоор нь энэ жилээс дахин авчирч морьтон баатруудын унаа болгохоор болжээ.

032 дугаар ангийнхан наадам болохоос тав хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын талбайд байрладаг ажээ. Тэнд өдөр тутмын бэлтгэлээ хийнэ. Гэхдээ хээр байсан шиг далайцтай хэмжээнд биш. Ерөнхийдөө цомхон буюу сануулах маягтай бэлдэнэ. Бас Туул голд морьдоо усанд оруулах их ажил бий. Наадмаас өмнө гурван ч удаа усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэсэн. Ингээд 10-ны өглөө Чингисийн талбай дээр есөн хөлт цагаан тугаа цэнгүүлээд маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог ажээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *