Categories
гадаад мэдээ

Төрийн Думын “том тэнэгтэлт”

ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум өөрийнхөө тусгаар тогтнолыг өөрсдөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсыг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг Ерөнхийлөгчид шууд хандах тогтоолын төслийг дийлэнх олонхын саналаар дэмжив.Энэхүү төсөл нь Украиныг тойрсон хямрал эрс хурцдаж буйтай холбоотойгоор ОХУ-ын Коммунист намаас өргөн барьсан илүү хатуу төсөл юм. Харин “Нэгдмэл Орос” намаас өргөн барьсан хувилбарт хүсэлтийг В.Путинд шууд тавихгүй, ГХЯ-тай нэмж зөвлөлдсөний дараа илгээхээр тусгасан байсан ч олонхын санал авч чадсангүй.Коммунистууд хариуцлагыг ГХЯ-нд шилжүүлэхгүй байх, Барууны улсуудтай хийж буй дипломат сөргөлдөөнд В.Путинд дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байна. Энэ мягмар гаригт болсон Төрийн Думын нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр хувилбарыг цаг гаруй хэлэлцэж, эцэст нь хоёр төслийг дэмжих эсэх талаар хамгийн олон санал авсан хувилбарыг сонгох санал хураалт явуулжээ.Коммунистуудын төслийг депутатуудын 351 нь дэмжиж, 16 нь эсэргүүцсэн бол нэг хүн түдгэлзсэн байна. “Нэгдмэл Орос” намын төслийг 310 депутат дэмжжээ. Ингэснээр эхний хувилбар сонгогдсон аж. Баримт бичгийг төрийн тэргүүнд нэн даруй хүргүүлнэ гэж Оросын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин мэдэгджээ. “Энэхүү тогтоол хэрэгжсэнээр БНДАУ болон БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрснөөр аюулгүй байдлын баталгааг нь хангах, бүгд найрамдах улсуудын иргэд, тэнд байгаа ОХУ-ын иргэний паспорттой иргэдийг гадны аюулаас хамгаалах, түүнчлэн олон улсын энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үндэс суурь болно гэж депутатууд үзэж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн юм. ОХУ-ын Коммунист намаас парламентад сонгогдсон депутатууд Донбасст өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрч, улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг бий болгох, хамтын ажиллагаа, харилцан туслалцах бүхий л асуудлыг зохицуулахын тулд удирдлагуудтай нь аль болох хурдан хэлэлцээ хийх талаар Ерөнхийлөгчид хандах төслийг нэгдүгээр сарын 19-нд танилцуулсан юм.Харин “Нэгдмэл Орос” намын депутатууд Коммунист намын тогтоолын төслийг Гадаад хэргийн яамтай зөвлөлдөх тогтоолын төслийг хоёрдугаар сарын 14-нд Төрийн Думд өргөн бариад байсан билээ.

Вашингтон түгшүүртэй байдлыг улам хурцатгаж, Европын улсуудтай хамт Украинд зэвсэг нийлүүлж, Киев Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ бүхэн ОХУ-ын иргэд болон БНДАУ, БНЛАУ-д оршин сууж буй нутаг нэгтнүүдийн амьдралд аюул, эрсдэл учруулж байна гэж В.Володин хэлсэн байна.

Энэ тогтоолыг ОХУ-ын ерөнхийлөгч баталбал дайн биш гэхэд мөргөлдөөн гарах нь зайлшгүй болох бөгөөд В.Путин болон түүний ойр тойрныхон төдийгүй ОХУ өөрөө олон улсын эдийн засгийн хоригт орох хаалга нь шууд нээгдэнэ. Мөн хүн төрөлхтний түүхэнд бусад улсын нутагт байгаа нэг үндэстнээ хамгаалах нэрээр бусдын нутагт халдах шалтгааныг зөвхөн Германы фашистууд л гаргаж байсан.Иймээс Украины Донбасст мөргөлдөөн улмаар дайн дэгдэхээс өөр гарцгүй болж оросууд эзлэн түрэмгийлэгчид украинчууд эх орончид болно. Дэлхийн өнцөг булан бүрээс сайн дурынхан ирж эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг эх орончидтой нэгдэнэ. Хамгийн гол нь эх орончдын талд гадны мэргэжлийн хөлсний цэргүүд ирж байлдах хууль, эрх зүйн үндэс бий болно. Хөлсийг нь барууны улсууд төлнө. Оросын хөлсний цэргүүд энэ их хүчний хаана нь ч хүрэхгүй. Жинхэнэ хөлснийхөн нь илүү хүчтэй, зэвсэгтэй эсрэг талтай дайтаж тэнэгтэхгүй. Дээр нь NATO-гийн гишүүн улсуудаас өгсөн бас өгөх зэвсэг нэмэгдэн Донбасст Оросын хугацаат цэргүүдийг зүгээр л “арчина”. Иймээс энэхүү шийдвэрийг Төрийн Думын “том тэнэгтэлт” гэхээс өөр арга байхгүй.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын “Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны тэргүүн, бэлтгэл хурандаа генерал Леонид Ивашев “Бидний үзэж буйгаар Оросын өнөөгийн төр, засаг улсаа авилгад бүрэн автуулсан системийн хямралаас гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байна. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр, засгаа түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожих дайн хийхээс өөр арга үгүй болсон байна. Бидэнд өөр тайлбар олдохгүй байна. Дайн гарвал яг ямар аймшиг болохыг мэргэжлийн бид нар сайн мэдэж байна. Иймээс дайныг генералууд эсэргүүцэж, улстөрчид дэмжиж байгаа юм” гэж мэдэгдсэн нь бодитоор хэрэгжиж эхлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *