Categories
мэдээ нийгэм

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Гишүүдийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээл Монгол Улсын нийт өрийн хэдэн хувийг эзэлж байгааг тодруулахын зэрэгцээ төрийн болон орон нутгийн өмчит компаниудын улсад оруулж байгаа орлого, төвлөрүүлж байгаа ногдол ашиг, эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээг тодруулав. Мөн төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг хэрхэн цэгцлэх талаар, төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчийн компаниудыг тодорхойлж чадсан, эсэх адилхан чиг үүрэгтэй төрийн өмчит компаниудыг нэгтгэх эсэх асуудлыг төсөлд хэрхэн тусгасныг лавлалаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 860 тэрбум төгрөг, цэвэр ашгийн хэмжээ 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компанийн үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадаг. Нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа. Үүнээс жин дарж байгаа компаниудыг нэрлэвэл, “Эрдэс монгол нэгдэл” 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, “Монголын төмөр зам” ТӨХК 1.5 их наяд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй байна. Түүнчлэн хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.1 их наяд төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 1.5 их наяд төгрөгөөр удаалж байгаа бол хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 901 тэрбум төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 126 тэрбум, “Монголросцветмет” ТӨҮГ 85 тэрбум, “Улаанбаатар төмөр зам” 69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлттэй байна” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Өмнө нь агентлагийн статустай ажиллаж байсан олон газрууд аж ахуйн тооцоотой төрийн үйлдвэрийн нэрээр ажиллаж байгаа. “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдуулж төрийн бүтээмжийн асуудлыг судалж байна. Цаашид бид төрийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн давхардлыг авч үзэн агентлагын статустай ажиллах байгууллагуудыг нэг мөр шийдэж, эсвэл татан буулгана. Мөн зарим ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна”.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа бол энэ нь анхдагч хуулийн төсөл. Хууль батлагдсанаар төр дөрвөн жилээр улсынхаа тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож, тэр чиглэлийн хүрээнд бизнесээ хийнэ. Мөн стратегийн болон эрчим хүч, хог, дулаан зэрэг нийтийн зориулттай тодорхой төрлийн бизнесийнхээ тодорхойлолтыг гаргаж, бусад төрлийн бизнест төр оролцохгүй гэдгээ зарлана. Цаашлаад төр тодорхой чиглэлийн бизнесийн компаниудынхаа үйл ажиллагааг аль болох өөр хооронд нь нэгтгэх, компанийн тухай хуулиар зохицуулна” гэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *