Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсныг Л.Оюун-Эрдэнэ гишүүн танилцууллаа.

Ингээд нууцаар санал хурааж, тооллогын комиссын гишүүнээр Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар ажиллав. Санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд тогтоолын төслийг 8 гишүүн дэмжсэн бол 8 гишүүн татгалзжээ. Харин нэг хүчингүй саналын хуудас гарсан гэдгийг тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа гишүүн танилцууллаа. Өөрөөр хэлбэл, нийт хүчинтэй саналын 50 хувь тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн санал өгчээ. Ийнхүү тооллогын комиссын тогтоолыг батлах талаар санал хураахад 82.4 хувь дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан түр завсарлав. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Төрийн байгуулалтын байнгын хороо 15.00 цагт үргэлжлүүлэн хуралдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *