Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд эхэлнэ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

• Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

• “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

• Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

• Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийн материалыг Засгийн газар(хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

• Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/

• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

• Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

• Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

• Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

• Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

• 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

• Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

• Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

Тав. Мэдээлэл лавлагаа

• Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 266135, 264413 утсаар холбогдож лавлагаа авч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *