Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчид нь намаараа талцсаны улмаас төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна

Төрийн албан хаагчид нь намаараа талцсаны улмаас төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна

АТГ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн сард 21 аймгийн төрийн байгууллагуудад ажиллаж, авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна. Энэ талаар өнөөдөр АТГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Орон нутагт ажиллаж байх хугацаанд Төрийн албан хаагчид нь намаараа талцсаны улмаас төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлсэн, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгийг шагнал урамшуулал, хандив болон бусад үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан зөрчил орон нутагт нийтлэг илэрчээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ: “Албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор гүтгэсэн мэдээлэл Ажлын хэсэгт хэд хэдэн удаа ирсэн. Тухайн хэргийг нь шалгаад ташаа мэдээлэл гэдгийг батлах үед “АТГ албан тушаалтантай хуйвалдаж, хэрэг шалгахгүй байна” гэх гомдол түгээмэл гарсан” хэмээн онцлов.

Түүнчлэн Сүхбаатар аймаг өнгөрсөн онд 83.8 сая төгрөгийг албан хаагчдын шагнал, урамшуулалд, Нийгмийн халамжийн сангаас 18.9 сая төгрөгийг буцалтгүй тусламжаар олгосон байжээ. Мөн хүлээн авалт, ёслолд 41.4 сая, Нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардалд 152 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Түүнчлэн үндэсний их баяр наадмаар улсын цол авсан бөхөд Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 30 сая төгрөг олгосон, Архангайн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс мөн улсын цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан иргэнд хүндэтгэл үзүүлсэн зэрэг үр ашиггүй зарцуулжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос зарим асуултад хариулт авав.

-Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн тухай мэдээллийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлсэн. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөч?

-300 мянган ам.долларын нэхэмжлэлтэй холбоотой гомдол АТГ-т ирсэн. Энэ асуудлыг нягтлан шалгах ажил үргэлжилж байгаа.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү “Эрдэнэт үйлдвэр”-т 42 сая ам.долларын шахаа хийсэн тухай мэдээлэл бий. Энэ асуудлыг шалгасан уу?

-“Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг хүн бараа бүтээгдэхүүн шахсан тухай асуудлыг шалгасан ч зөрчил илрээгүй. Тиймээс энэ хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн.

-Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтан Өмнөговь аймгийн иргэнээс 20 сая төгрөг авч байгаад газар дээрээ баригдсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Энэ асуудлыг шалгаж байгаа. Шалгалт дуусаагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *