Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог ирэх долоо хоногт хуралдуулж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэв.
Тэрбээр, “ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаж, Засгийн газартай хэлэлцээ хийгээд буцсан. Энэ хүрээнд ирэх долоо хоногт гурван талт үндэсний хороог хуралдуулна. Амжвал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цалин нэмэх асуудлыг оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг хүүгүй зээл хэлбэрээр олгож эхэлсэн. Тиймээс МСҮТ-ийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох талаар судалж байгаа. МСҮТ-үүдэд ихэвчлэн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд суралцдаг тул сургалтын тэтгэлэг олгох зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан. Одоо Сангийн яамтай хамтран судалгаа хийж байгаа. Эхний ээлжинд 15-17 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн” гэв.